Замын цагдаагийн газрын бүтцэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын болон гадаадын өндөр, дээд хэмжээний зочдын хамгаалалтад явдаг Тусгай хамгаалалтын тасаг гэж бий. Тус тасгийн нэг цагдаа энэ сарын 10-ны шөнө хүний аминд хүрчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа, зохицуулагч Хан-Уул дүүргийн нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн жижүүрээр ажилладаг 50 гаруй настай эмэгтэйг дайрч амь насанд нь хохирол учруулсан аж.
Ажлын бус цагаар, шөнө дундын үед цагдаагийн ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдгийг олон эх сурвалж баталж буй юм. Нэлээд нууцалсан уг ослын талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас лавлахад “Цагдаагийн алба хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь хохироосон хэрэгт холбогдсон нь үнэн.
Тэрбээр ажлын бус цагаар ийм асуудалд холбогдсон. ЦЕГ-ын удирдлагын зүгээс ажлын цаг ч бай, ажлын бус ч байсан ялгаагүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол цагдаагийн байгууллагаас халах арга хэмжээ авч байгаа.
ЗЦГ-ын Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа-зохицуулагчийг ч үүний дагуу албанаас чөлөөлж, Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн” гэв.
Г.ОРЧЛОН