Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын “давхар дээл”-ийг дан болгох төслөө дахин санаачилжээ. Төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ удаа Ерөнхий сайд болон Хууль зүй, Гадаад хэргийн, Сангийн сайд нарыг л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохоор төсөлд тусгажээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын танхимын бусад сайдын албыг УИХ-ын гишүүн давхар хашихыг уг төсөлд хориглосон байна. Ингэхдээ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулах Засгийн газрын тэргүүнийг томилсон өдрөөс хэрэгжүүлэхээр тусгажээ.
2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль ч сайдын албыг УИХ-ын гишүүн давхар хашихгүй байх хатуу заалт бүхий төсөл санаачлан, УИХ түүнийг нь жил тойрон хэлэлцсэн ч “унасан” юм.
Юутай ч Төрийн тэргүүн сайд нарын “давхар дээл”-ийг дан болгох санаачилгаа хав даралгүй, Засгийн газрын тэргүүн болон чиг үүргийн гэгддэг гурван яамыг толгойлох сайд нарыг “УИХ-ын гишүүн” гэсэн “давхар дээл”-гүй байлгах төсөл санаачлан, дахин хууль тогтоогчдод хандлаа.
Тэрбээр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн танилцуулгадаа “Үндсэн хууль нь нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрх зүйн тулгуур баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох учиргүй” хэмээн онцолжээ.
Уг хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд дагалдан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан байна.
Б.НОМИН