Македон улс Гректэй залгаа хилээ хаасны улмаас хоёр орны хилийн зааг дээр дүрвэгсэд гацаад байсан ба өчигдөр хилийн сиймхийгээр хэдэн мянган дүрвэгч Македоны нутаг дэвсгэрт нэвтэрчээ.
Тус улсын цагдаа нар дүрвэгсдийг илрүүлэн саатуулж, тэднийг Грекрүү буцаан шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Сири, Ирак зэрэг орноос очсон 14 мянга гаруй дүрвэгч хил дээр байгаа бөгөөд сүүлийн өдөр цаг агаар муудаж үргэлжлэн орсон борооны улмаас тэдний нөхцөл байдал хүндрээд байгаа аж. Македоны эрх баригчид улсынхаа хилээр нэг ч цагаач нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан ч олон мянган дүрвэгч шийдвэрээ өөрчлөх болов уу гэж итгэж найдан хилийн ойролцоо хүлээсээр байгаа юм.
Өчигдөр хулгайгаар хил нэвтрэхийг оролдсон гурван хүн Сува мөрөнд живж амь насаа алдсан бол хэдэн хүний биеийн байдал хүнд байна.Тиймээс Грекийн цагдаа нар хил давах оролдлого хийхгүй байхыг сануулжээ. Европын холбооны зарим орон хилээ хаах шийдвэр гаргаж байгаа нь дүрвэгсдийн дунд үймээн үүсгэх, хууль бус үйлдэл хийхэд хүргэж байна гэж НҮБ мэдэгдэж байна.