Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам барих төслийн эхний шатанд зориулан БНХАУ-ын банкуудаас санхүүжилт авахаар ажиллаж буй тухай proactiveinvestors.com.au цахим хуудсанд мэдээлэв.
Тодруулбал, “Aspire mining”-ийн охин компани “Northern railways”, урд хөршийн “China railways construction bureau 20 group” (CRCB20G) санхүүжилт авахад хамтран ажиллаж буй бөгөөд ТЭЗҮ боловсруулж дуусгах, барилгын зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийхэд шаардлагатай 15-20 сая ам.долларыг Хятадын банкуудаас зээлэх гэнэ.
“Aspire mining”-ийн ерөнхий захирал Дэвид Пол “Монгол Улсын Засгийн газар, CRCB20G, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлийн төмөр зам нь БНХАУ болон ОХУ-ыг холбох “эдийн засгийн коридор” болох юм” хэмээн ярьсан байна.
547 км төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бас зорчигч тээвэрлэх боломжтойг дээрх цахим хуудсанд бичжээ.
Ц.БОЛОР