Монголчууд бид буянтай улс юм. Аль насандаа хийсэн буян юм, бүү мэд. Алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулдаг ч зүгээр сууж байгаад төр, засгийн хайр халамжийг хүртдэг улс тийм ч олон биш болов уу. Малчид нь 29 хувийн хүүтэй зээлдээ 18, бүр 10 хувийн хүүтөлдөг боллоо.
Иргэд нь анх 18 байсан орон сууцны зээлийн хүүг одоо таван хувь болгуулж байна. Зээлийн хүүг багасга, халамжийн мөнгө өг гэж иргэд гудамжинд жагсаагүй, элдэв лоозон бариагүй атал намууд өөрсдийнхөө санаачилгаар ийм бэлэг бариад байгаа учраас бид азтай. Аваад л байхаас яах билээ.
Хоёрдугаар сарын 29 шиг дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгуулийн буянаар хот суурин газрынхан орон сууцны зээлээ тав, малчид банкны зээлээ 10 хувийн хүүтэй авахаар болоод магнай тэнийж сууна.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авчихсан 18 мянган өрхийн эзэд хүүгээ таван хувь болгуулахаар өчигдрөөс банкны үүд сахиж эхэллээ. “Сонгуулиас өмнө л тэр хүү багатай зээлийг нь амжиж авахгүй бол санал хураасны маргааш үлгэр жаргана” хэмээн хүмүүс банк руу уралдаж гарлаа.
Төрийн бодлогын залгамж чанар гээч зүйл алдагдсан Монгол Улсад амьдарч байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж буй болохоор тэдний зөв. Таван хувийн хүүтэй зээл бол сонгуулиар татсан солонго гэдгийг ч иргэд ойлгожээ. Монголчууд нэг үеэ бодвол ухаажиж байгаа.
Утас, зурагт хүртэл ухаалаг болчихоод байхад оюун ухаантай хүн байна даа, юмны чанар, улстөрчдийн үгний үнэн худлыг гадарлахтайгаа болсон. Наймаачид хүртэл Эрээн рүү зүглэхээ байгаад Улаан-Үд рүү хошуурч эхэлсэн. Цагийн зүүнээс бусад бүх юм өөрчлөгдөж, тэнэгүүд хүртэл афоризм цээжилчихээд цэцэрхдэг болсон цаг.
Өмнөх сонгуулиар МАН “Эх орны хишиг”, АН “Эрдэнийн хувь” амлан, өрсөлдөж, дунд нь ард түмэн л хожсон. Анх нэг сая төгрөг байсан сонгуулийн амлалтыг нөгөө нь тэр дор нь 1.5 сая болгосон доо. Одоо “Ардчилсан нам УИХ-д 50 суудал авч байж л таван хувийн зээл амжилттай үргэлжилнэ” гэв ээ.
АН 2012 оны сонгуулиар олонх болж чадаагүй учраас л өмнөх Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг үргэлжлүүлээгүй гэсэн гаргалгаа эндээс гарч байна. Ирэх сонгуулиар бас л илт давуу ялалт байгуулж чадахгүй бол шийдлийн Засгийн газрынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхгүй юм байна.
Түүнийгээ ч “АН парламентад олонх болж чадахгүй бол сонгуульд ялсан нам нь өнөөгийн төр, засгийн бодлого, шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй. Хэрвээ АН олонх болбол бусад намын бодлого, шийдвэрийг ч үргэлжлүүлэхгүй” гэж шуудхан зарлав. Таван хувийн хүүтэй зээл бол сонгуульд зориулсан шоу гэдэг нь үүнээс ойлгомжтой болох шив.
Гэхдээ яах вэ, улстөрчид ийм ухаан сийлэн, усны тэрэг, утаатай пийшингээ орхиод, халуун ус хананаасаа авч, цахилгаан зууханд цайгаа чанах гэсэн монголчуудын хүслийг сандал суудлаар наймаалцаж байгаа бол ард түмэн бас нэг юм бодно.
Үүнийг мэдэх МАН “УИХ-ын сонгуулиар манай нам 50-иас олон суудал ахувь болгоно” гэх биз. Тэгвэл бүр догь. ХҮН, ИЗНН өөр аль ч юм нам энэ зээлийг хүүгүй болгоно гэвэл монголчууд том жижиггүй гуяа алгадан харайна даа.
Харамсалтай нь сонгуулийн дараа тав байтугай найман хувийн хүүтэй зээл олдоно гэсэн баталгаа алга. Инфляц энэ хэвээр хоёр хувь байх найдвар бас үгүй. Учир нь таван хувийн хүүтэй зээл бол инфляц уруудсаны буянаар олдсон боломж.
Монголбанк энэ онд инфляцыг долоо, 2017-2018 онд 5-8 хувь байна гэж тооцож буй ч “тооны машин” алдахыг үгүйсгэх аргагүй. Нэг ам.долларыг 2000 төгрөгт тогтоож барина хэмээн ам гарч байсан Төвбанкныхан одоо валютын ханшийг торгоож чадахаа байлаа. 2050 ширхэг төгрөг нийлээд ч нэг ширхэг ам.долларыг хүчрэхгүй байна шүү дээ. Тэгэхээр инфляцыг хазаарлах төлөвлөгөө нь нурахад гайхах юм үгүй.
Тиймээс сонгуулиас өмнө амжиж таван хувийн хүүтэй зээлээр байртай болох нь иргэдийн хувьд чухал. Аманд аяндаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй. Манай банкууд хаа очиж туйлбартай учраас улстөрчид шиг “Сонгууль өнгөрчихлөө. Таван хувийн хүүтэй өгсөн зээлийнхээ хүүг буцаагаад найман хувь болголоо” гэхгүй.
Улстөрчид л хаврын тэнгэр шиг хуйсагнан, өчигдөрхөн урьдчилгаа төлөх мөнгөтэй бүх хүнийг таван хувийн хүүтэй зээлээр байртай болгох ухааны юм ярьж байснаа өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын гэр хороолол дунд барьсан орон сууцнаас, эсвэл Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан, Эрдэнэтээс байр авбал таван хувийн хүүтэй өгнө, бусад нь найман хувийн хүүтэй хэвээрээ хэмээн мэлзэж байна.
Энэ ч яах вэ, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд барьсан байраа борлуулах арга хэмээн зөвтгөе. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах нэг арга гээд дэмжье.
2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа “Ард түмэн биднийг эвсэж ажилла гэлээ. Энэ бол хаан сонголт” хэмээн матрын нулимс унагаж байсан улстөрчид өнөөдөр “Манай намыг л сонго, дахин эвсэхэд хүргэж болохгүй. “Аль нэг нь давуу ялалт байгуулахгүй бол болохоо байлаа” хэмээн уйлагнацгааж байх юм. Улстөрчид өө гэж, хаашаа ч улс юм.
Х.БОЛОРМАА