Монголын гурван сая иргэн бүгд хэрэглэгч. Гэхдээ бидний эрх ашиг алхах гишгэх төдийд ч зөрчигдсөөр л байдаг. Үүнийг хэн ч анзаарч, хайхардаггүй. Дэлгүүрээс сүү худалдаж авлаа гэж бодоход тэр нь гашилчихсан байвал хэрэглэгчийн хохь болоод хоцрох нь энүүхэнд. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр тодорхойгүй бараа бүтээгдэхүүн санамсаргүй авсан тохиолдолд ч дэлгүүр, супермаркетууд буцаана гэж гонж.
Тэгвэл иргэн та Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиа хэр сайн мэддэг вэ. “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зүйл, заалт байдаг болов уу. Бид хуулиа сайн мэддэггүй, уншиж судалдаггүй учраас хэн нэгэнд чадуулчих гээд байдаг биз. Өчигдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож, цөөнгүй иргэн эрх ашгаа хэнээр, хэрхэн хамгаалуулах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, сонгох эрхээ мэдэв.
1985 онд НҮБ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим баталснаар дэлхий нийтээрээ эл өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Манай улс 2012 оноос эл арга хэмжээнд нэгдэн, өнөө жил “Антибиотикийг цэснээсээ хасъя” уриатай тэмдэглэн өнгөрүүлэв.
Засгийн газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн газар, ОБЕГ, Худалдан авах ажиллагааны болон Оюуны өмчийн газар хамтран өчигдөр Чингисийн талбайд “Хэрэглэгчийн хөгжил” өдөрлөг зохион байгуулсан юм.
Нэр дурдсан байгууллагуудаас гадна ЭМСЯ, ХХААЯ, ХАХНХЯ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, УСУГ, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны болон Эрчим хүчний зохицуулах хороо ОСНААУГ, Гааль, татварын ерөнхий газар, “Номин”, “Оргил”, “Сансар”, “Миний” сүлжээ дэлгүүр, үүрэн телефоны компаниуд, түргэн хоолны газрууд нэг дор цуглан, бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, сурталчлахаас гадна өөрсдийнх нь үйлчилгээтэй холбоотой санал, гомдлуудыг шийдвэрлэж өгөхийг хичээж байв.

Мөн бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид галын дүгнэлт газар дээр нь гаргаж өгч, сорьцгүй алт, мөнгөн эдлэлд үнэгүй сорьц тавьж, тоолуур баталгаажуулах зэргээр иргэдийн зарим нэг ажлыг хөнгөвчилж өгсөн юм. Үндэсний үйлдвэрлэгчид ч бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байв.
ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Иргэд голдуу СӨХ, ОСНААУГ-ын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал ирүүлдэг. Тиймээс бид нийслэлийн дүүргүүдэд “Шилэн СӨХ” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ юм.
Цаашлаад иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг “Хэрэглэгчийн утас”-тай болно. Иргэдийг шаардлагатай мэдээллээ хүссэн цагтаа авч, санал, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх, түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд зориулан цахим сүлжээ байгуулах юм. Мөн “Хэрэглэгч таны төлөө” сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Үүгээр иргэдэд эрх ашгаа хэрхэн хамгаалахад чиглэсэн мэдээ мэдээлэл, сургалт явуулах, хэрэглэгчийн эрхийг түгээмэл зөрчдөг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг жил бүр шалгаж, үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэргээр нийгэм, олон нийтэд чиглэсэн үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөөд байна.
2016 оныг монгол хүн бүр эрхээ хамгаалж, тэмцэхэд зориулна. Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулсан. Улс даяар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хэрэглэгчийн эрхийг зөрчиж, хохироож буй аливаа үйлдлийг таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорьж байгаа” гэж ярив.
О.БАТ-УНДРАХ