Mьянмар улсын ерөнхийлөгчөөр "Ардчиллын үндэсний холбоо" намын дарга, их сургуулийн профессор, зохиолч, Нобелийн Энх тайвны шагналт Тхин Жо сонгогдлоо.
Тэрбээр 1962 онд цэргийн эргэлт хийснээс хойш цэргийн генералууд дундаас сонгогдоогүй анхны төрийн тэргүүн болж байгаа юм. Тхин Жогийн төлөө парламентын депутатуудын 360 нь саналаа өгч ерөнхийлөгчөөр сонгосон бол, дэд ерөнхийлөгчөөр Үндсэн хуульд заасны дагуу парламентын 25 хувийг бүрдүүлдэг цэргийнхний фракцаас нэр дэвшигч, генерал Мьин Шве 213 депутатын санал авснаар сонгогдсон юм. Мьянмарын Үндэсний Ассамблей 664 депутаттай бөгөөд үүний 224 нь дээд танхимын, 440 нь доод танхимын гишүүд байдаг аж.

Тхин Жо Оксфордын их сургуулийг төгссөн, 69 настай бөгөөд их сургуульд багшилдаг мөн зохиолч гэдгээрээ алдартай юм. Ан Сан Су Читэй хүүхэд ахуйдаа нэг сургуульд сурч байснаас гадна дотны найз ажлын хамтрагч гэнэ.
Ан Сан Су Чи, Тхин Жог ойрын хамтран зүтгэгчийн хувиар намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Мьянмарын Үндсэн хуулиар Су Чи өөрөө Ерөнхийлөгч болох боломжгүй учир Тхин Жогоор дамжуулан улс орноо удирдах гэж байна хэмээн үзэж байгаа юм.
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч чөлөөндөө гарсан хурандаа Тейн Сейн гуравдугаар сарын 31-нд Тхин Жод бүрэн эрхээ шилжүүлэн өгнө.