Монголын Барилгын Үндэсний Ассоциацаас санаачилсан "Бартерийн бирж 2016" үзэсгэлэн худалдаа өнөөдөр Гандирс төвд нээлтээ хийлээ.
Энэ сарын 16-наас 23-ныг дуустал зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд барилгын салбарын бизнес эрхлэгчдийн дунд хэрэгцээт бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох, урамшуулал, хөнгөлөлт үүсгэх, харилцан уялдаатай хамтарч ажиллах, илүүдэлтэй бараа материалаа эргэлтэд оруулах боломж олгож байгаа юм.
Нээлтийн үеэр Монголын Барилгын Үндэсний Ассоциацын тэргүүн Б.Нэмэхбаатар хэлэхдээ, “Барилгын Үндэсний Ассоциац нь нийслэлд баригдаж буй барилгын 90 орчим хувийг гүйцэтгэдэг. 150 гаруй гишүүн байгууллагатай үндэсний хэмжээний төрийн бус мэргэжлийн байгууллага юм.
Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед манай ассиоциац нийгмийн хариуцлагаа ухамсарлан гишүүн болон салбарын байгууллага, хувь хүмүүстэй хамтран үүсээд буй бэрхшээл, хямралыг даван туулах шийдэл олсон нь энэхүү бартерийн бирж үзэсгэлэн худалдаа юм. Цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлалт брэнд арга хэмжээ болгон хөгжүүлэх талаар баримт бичиг боловсруулан ажиллаж байгаа” гэлээ.
"Бартерийн бирж 2016" үзэсгэлэн худалдааны нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Э.Баянсэлэнгэ оролцсон юм. Тэрбээр, "2016 онд Монгол Улсын барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Барилгын салбарт хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй гол асуудал бол бараа бүтээгдэхүүний илүүдэл болоод байгаа. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хооронд харилцаа холбоо үүсгэх, хамтран ажиллах боломжоор хангахын тулд “Бартерийн бирж” арга хэмжээ ач холбогдолтой юм" гэв.
“Бартерийн бирж 2016”-гийн дараагийн арга хэмжээ ирэх сарын 28,29-нд болно.