Буянт-Ухаагийн дэнжид сүүлийн үед бүтээн байгуулалт өрнөөд олон айл орон сууцанд ороод байна. Тэдгээр барилгын суурийг тавиагүй байхад ажлыг нь эхлүүлсэн төрийн мэдлийн байгууллагын оффис өнөөг хүртэл ашиглалтад орсонгүй.
Гэтэл төсвөөс тэр барилгад зориулж буй мөнгө урсаад л байдаг. Ийм нэгэн мэдээлэл бидэнд ирсний дагуу ИНЕГ-ын дэргэд барьж буй Нислэгийн удирдлагын төвийн байрны эргэн тойронд болж байгаа үйл явдлыг сурвалжиллаа.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага буюу мэргэжлийн хүмүүсийн нэрлэдгээр ИКАО-гаас Монгол Улсын дээгүүр нисэн өнгөрч буй авиакомпаниудын дамжин өнгөрөлтийн орлогоос тодорхой хувийг нь нислэгийн аюулгүй ажиллагаанд зарцуулах шаардлага тавьдаг аж.
Энэ шаардлагыг хүлээн авч, Оросын цэргийн ангийн казарм байсан барилгаа сольж, шинэ барилгатай болохоор 2008 онд шавыг нь тавьжээ. Тэнд нислэгийн удирдлагын төв, аюулгүй ажиллагааны алба гээд чухал салбар нэгжээ байрлуулах юм байна.
Уг барилгын захиалагчаар хуучнаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, гүйцэтгэгчээр “Өрнөл групп” гэх компани ажиллаж, 2013 онд ашиглалтад оруулахаар товлосон байгаа юм. Харамсалтай нь товлосон хугацаанаас хойш гурван жил өнгөрөөд байхад ашиглалтад орсонгүй.
Тиймээс гэрээ байгуулсан компаниа өөрчилсөн үү, юутай ч 2011 оны зургадугаар сарын 28-нд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулах 6.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг О.Баяр захиралтай “Үүрэг трейд” компанитай /ТББ/БУ/10/93 дугаартай гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлсэн аж. Барилгын ажилд ИНЕГ-аас хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд саяхан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагийн тушаалаар “Үүрэг трейд”-ийн ажлын гүйцэтгэлд дотоод аудит хийсэн гэнэ.
Энэ талаар тус газрын албаны хүнээс лавлахад “Аудитын дүгнэлт гарсныг ЭЦГ-ынхан шалгахаар аваад явсан. Тэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тус газрынхнаас тодруулсан нь зөв байх. Бидэнд ямар ч мэдээлэл алга” гэлээ.
Барилгын захиалагч Зам тээврийн яамны албаны хүнтэй уулзахад “Үүрэг трейд” компанийнхан хуурамч гүйцэтгэлээр их хэмжээний санхүүжилт авчихаад ажлаа хийгээгүй асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн нь үнэн.
Одоогоор хэчнээн хэмжээний хохирол учирсныг хэлэх боломжгүй. Бидэнд байгаа мэдээллээр 2011 оны зургадугаар сараас хойш зургаан удаа гүйцэтгэлийн тайлан гэж баримт ирүүлсэн байдаг юм.
Үүний үнийн дүн нь 2.1 тэрбум төгрөг байдаг. Ийм гүйцэтгэлээрээ цахилгааны утас татсан, цонх суурилуулсан гэх мэтээр тайлан гаргаж өгч, улсын төсвөөс мөнгө авсан. Та нар ИНЕГ-т очиж үзэхэд дэргэдэх барилгад нь цонх суурилуулсан, цахилгааны утас татсан ямар ч ул мөр байхгүйг харсан биз дээ” гэв.
“Үүрэг трейд” компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баталсан ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав.
ЗТЯ-ны өөр нэг эх сурвалж “Үүрэг трейд” компанийн барьж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга нэлээд хэл ам таталж, шүүхээр ч нэг удаа мөнгөний хэрүүл хийгээд амжсан. Тус компанийнхан гурван тэрбум төгрөг нэхэмжилснийг гаргуулах нь үндэслэлтэй хэмээн шүүх үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг.
Тэгсэн атлаа уг барилга ашиглалтад оролгүй, хагас дутуу гүйцэтгэлтэй өнөөг хүрээд байна” гэсэн юм. “Үүрэг трейд” компанийн захирал О.Баярын 9911… дугаарын утас руу зарим зүйлийг тодруулахаар хандсан боловч хариу өгсөнгүй.
Бид улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө авсан ч барилгаа өнөөг хүртэл хүлээлгэн өгөөгүй “Үүрэг трейд” компанийн удирдлагад холбогдох хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Г.РАВЖАА