БНХАУ-ын Эрээн хотод өндөр халуурдаг томуу, томуу төст өвчин их байгаа учир эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм байна. Иймд Замын-Үүд дэх авто болон төмөр замын шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд амны хаалт зүүж эхэллээ.
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга Б.Амаржаргал энэ талаар “Сайншанд суманд томуу, томуу төст өвчих болон улаан бурхан их байгаа. Он гарснаас хойш аймгийн хэмжээнд улаан бурхнаар 346 хүн өвчилсөн. Иймээс аймгийн Нэгдсэн эмнэлэг маш их ачаалалтай ажиллаж байна. Харамсалтай нь улаан бурхны вакцинд хамрагдах нас нь хүрээгүй таван сартай хүүхэд (энэхүү вакцинд хүүхэд 9 сартайгаас эхлэн хамрагддаг) өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт вакцинд хамрагдаж чадаагүй таван сартай хүүхэд нас барсан. Одоо Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн найман орон дээр ийм өвчтэй таван хүүхэд хэвтэж байгаа” гэлээ.
Түүнчлэн аймгийн хэмжээнд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж байгаа аж.
Дашрамд дурдахад, өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж улаанбурхан өвчний дэгдэлтийг багасгах, хариу арга хэмжээ авахад зориулан 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Үүнээс гадна 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.