“Хүннү эйр”, “Аэро Монголия” компани хамтран, дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Улаанбаатар хотыг баруун гурван аймагтай холбосон нислэг үйлдэхээр болжээ. “Аэро Монголия” компани Ирландын “CIT Aerospace” компаниас МИАТ компанийн нэр дээр онгоц түрээслэхээр болоод буй.
Түрээсийн төлбөрт сар бүр 200 мянган ам.доллар төлөх юм. Монголынхоо нэг компанийг хөлөгтэй болж, баруун аймгууд руу зорчигч тээвэрлэхэд нь туслах, нийслэлээс алс орших аймгуудынхаа иргэдэд агаарын тээврээр үйлчлүүлэх боломж олгох үүднээс төр МИАТ ХК-ийн нэр дээр онгоц түрээслэхийг “Аэро Монголия”-д зөвшөөрсөн юм байна.
Түрээсийн гэрээг таван сараар байгуулжээ. Энэ хугацаанд “Аэро Монголия” компани бие даан онгоц түрээслэх чадвартай болж, түрээсийн гэрээгээ хоёр жилээр сунгах ёстой.
“Аэро Монголия” уг онгоцоороо долоо хоногт хоёр удаа Улаанбаатараас Ховд, тэндээсээ Улаангом, Алтай руу ниснэ. “Хүннү эйр” бас энэ чиглэлд зорчигч тээвэрлэнэ. Ингэхдээ зорчигчдоо булаацалдахгүй, хэн хэнийхээ зорчигчийг авч явах юм.
Говь-Алтай руу нэг жил гаруй онгоц нисээгүй тул иргэд яаралтай эмчилгээ, хагалгаанд орох, гэнэтийн ажил гарсан үед нийслэлийг зорихдоо автобусаар хөл дүүжилдэг байв. Энэ нь өвчтэй хүн, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүс, яаралтай ажилтай иргэдэд бэрхшээлтэй байжээ.
Иргэний агаарын тээвэрлэгч компаниуд орон нутаг руу онгоц явуулахад ихээхэн зардал гардгаас гадна баруун аймгууд руу 2-3 цаг нисдэг. Энэ зардлыг багасгах зорилгоор авиа компаниуд ийн хамтарч буй аж.
Хэрвээ Ховд аймгийн Булган гэх мэт аймгийн төвөөсөө алслагдсан сум руу онгоцоор явах хүн олон, нисэх буудал нь онгоц хүлээн авах боломжтой байвал нислэг үйлдэх юм байна.
Х.ЭРХЭМ