Орос-Монголын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа нь тэртээх 1922 оноос монголын анхны 15 охид, хөвгүүд Орос Улсын их, дээд сургуульд суралцсанаар эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар 60.000 гаруй монголчууд Зөвлөлт болон Оросын их, дээд сургуулиудыг төгсөж, тэдний дундаас Монгол Улсын дөрвөн ерөнхийлөгч, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гээд олон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спорт, бизнесийн салбарынхан, эрдэмтэн зохиолчид төрөн гарсан байдаг.
Тэгвэл энэхүү уламжлалаа үргэлжлүүлэхээр “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2016” арга хэмжээг Монголд анх удаагаа зохион байгуулж Монголын залуучууддаа оюуны хөрөнгө оруулалт хийхээр зорьж байгаа юм байна. Энэ үүднээс ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ, Монгол Улсын БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс 2016 оны 3 сарын 17-19-ний өдрүүдэд тус үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэнгийн үеэр Монголын оюутан залуучуудад олон тооны мэргэжил, дээд боловсрол эзэмших боловсролын хөтөлбөрүүдийг санал болгох бөгөөд үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Томск, Иркутск, Белгород, Кемерово, Якутск, Красноярск, Буриад улсын их дээд сургуулиуд оролцох юм байна.
Үүний зэрэгцээ ОХУ-ын засгийн газраас жил бүр дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарладаг бөгөөд энэ жил Монгол Улсад зориулан дээд боловсролын бүхий л чиглэлийн сургалтын хөтөлбөрт хамрагдах 376 тэтгэлгийн хуваарь олгоод байгаа гэнэ. Тиймээс Оросод дээд боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг ОШУСТ-д бүртгэж эхэлсэн бөгөөд http://mng.rs.gov.ru, http://минобрнауки.рф/, http://rs.gov.ru/, http://obrnadzor.gov.ru/ хаягаар бүртгүүлж болох аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр бүртгүүлэх боломжтой юм байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалт энэ сарын 14-26-ныг дуустал явагдах ба ил тод нээлттэй, шударга зарчмаар явагдаж, хамгийн шилдэгүүд нь энэхүү суралцах эрхийг хүртэл болно гэдгийг албаныхан онцоллоо.
Дашрамд дурдахад, нэг мэргэжил дээр олон хүн өрсөлдвөл, ярилцлаганд оруулж, шаардлагатай бол математик-физик, хими-биологийн шалгалт авах юм байна.