Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар сүүлийн үед олны анхааралд өртөөд байгаа “Сүнстэй бодлого”-ны талаар мэдээлэл өгсөн юм. Тэдний хэлж буйгаар тус бодлого нь "Кенгуру" уралдааны Ecolier түвшин буюу 8-10 насны хүүхдүүдэд зориулсан бодлого юм байна.
Харин “Кенгуру” олон улсын математикийн уралдааны дасгал ажлын ном нь Монгол Улсын боловсролын системд хэрэглэгддэггүй гэнэ. Тиймээс манай улсын ЕБС-ын сурах бичигтэй ямар ч холбоогүй аж.
МУИС-ийн математикийн багш, математикийн олон улсын Кенгуру уралдааны Монгол дахь төлөөлөгч Н.Итгэлийн хэлснээр дэлхийн хэмжээнд 64 орны 6 сая гаруй хүүхэд Кенгуру уралдаанд оролцдог бөгөөд гишүүн орнуудад эхлээд англи хэл дээр бодлогыг явуулдаг байна. Түүний дараа англи хэл дээр редакторлодог. Ингээд ангилал болгонд 500-2000 бодлого оруулдаг ба үүний дараа түвшин болгонд 100 орчим бодлого сонгодог дэд комисс ажиллаж агуулга, дизайн дээр анхаарч ажилладаг байна. Харин үндсэн комисс үүнээс 24 бодлогыг сонгож Кенгуру уралдааны сэдэв болгодог гэнэ. Үүний дараа олон улсын Kangourou sans Frontières холбооноос батлаад тухайн улсууд руу явуулдаг.
Энэ үеэр үеэр Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох хэлэхдээ “ЕБС-ийн Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулах ажлыг БСШУЯ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан баг боловсруулсан. БСШУЯ-ны гаргасан математикийн болон байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн өнгө аястай агуулга огт байхгүй. Байгаа мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Номын дэлгүүрүүдэд худалдаалдаг сайн дурын номыг бидний зохион сурах бичиг мэтээр ярьж, бичиж байгаад харамсаж байна” гэв.
