-Үүдээр гарсан нөхөд тооноор орж генерал боллоо-
“Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр хүнд генерал цол хүртээж, нэг хүнийхийг ахиулахаар болжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын дэд даргаар томилогдоод удаагүй байгаа, бригадын генерал Р.Сүхбатад өнөөдөр хошууч генерал цол олгох юм байна. БХЯ-ны Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар томилогдоод удаагүй байгаа М.Эрдэнэдалай нарт бригадын генерал цол олгох зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зурахаар болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Уг нь ХХЕГ-ын Штабын дарга, хурандаа Ц.Гансүхийн нэр яригдаж байсан ч энэ удаа түүнд бригадын генерал цол олгох зарлигт гарын үсэг зураагүй гэх мэдээлэл байна.
“Монгол цэргийн өдөр”-өөр удирдлага дотроос нь генерал цолтон гарахад Зэвсэгт хүчний алба хаагчид ихэд баярладаг. Харин энэ удаад тэд “Үүдээр хаалга саваад гарсан нөхөд тооноор орж ирээд хурандаа, генерал цол зүүдэг боллоо. Ерөнхийлөгч цэргийн дээд цолыг үнэгүйдүүлж байна. Г.Сайханбаярын хувьд У.Хүрэлсүхтэй нэг анги, саяхан ОХУ-д Жанжин штабын академи төгссөн. Арын хаалга сайтай учраас л энэ цолыг авч байх шиг байна.
М.Эрдэнэдалай 2005-2006 оны үед Зэвсэгт хүчнээс дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарсан хүн. Тэр үедээ ажлын байранд архи уусан, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн өмч хөрөнгөөс дутаасан гэсэн үндэслэлээр халагдах шахаж л байсан хүн. 2009 онд гэнэт л орж ирээд өдгөө генерал цол зүүх гээд явж байдаг. Генерал, хурандаа цолны утга учир алдагдлаа.
Дээрх хоёр хүнээс гадна ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар ажиллаж буй Б.Ганбаатар гэж хүн генерал болохоор яригдаж байсан ч энэ удаа өгөхгүй шинжтэй. Малын эмч мэргэжилтэй хүн яаж яваад чухал албан тушаалд томилогдчихов. Цэргийн нэгдсэн дээд сургууль гэж байхад эчнээгээр ар талын анги төгссөн хүн. Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах үед курсэд суулган офицер, ахлагч бэлтгэсний нэг нь тэр. Уяачдын дотроос нэг генерал гарах ёстой гэж түүнийг зүтгүүлж буй хүмүүс нь ярьж байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр ОХУ-ын Жанжин штабын академи, АНУ-ын Дайны коллежид сургасан офицерууд дотроос нь дээрх хүмүүсийн албан тушаал хашчих хүмүүс олдоогүй юм байх даа, арайч дээ” гэж байлаа.