Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад жил хүрээгүй ч намын даргын албан тушаалаас болж дотроо хоёр хуваагдаад байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард тус намынхан намын даргаараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон боловч сар ч бололгүй хэсэг гишүүд нь түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж огцруулж, Б.Найдалааг томилов. Харин үлдсэн хэсэг нь С.Ганбаатар дарга хэвээр байгаа хэмээж байна. Түүнчлэн С.Ганбаатар намын дарга болсныхоо дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг огцруулж түүний оронд Г.Одонгуаг түүний албан тушаалд томилсон юм. Мөн л гишүүдийн хэсэг нь энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол дийлэнх хувь нь дэмжсэн. Ингээд энэ нам албан бус хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр намын дарга, хоёр намын төв хороотой болоод буй.
Тэгвэл хуулиараа намын даргыг Улсын дээд шүүх бүртгэх ёстой. Тиймээс Б.Найдалаа намын дарга болох уу, С.Ганбаатар дарга хэвээрээ үлдэх үү гэдгийг өнөөдөр 11.00 цагаас Улсын Дээд шүүхийн Иргэний танхимд шүүх аж.