Өнөөдөр монгол цэргийн бахархалт өдөр. Батлан хамгаалахын сайд хүн монгол эрийн бахархал омогшлыг тархи, зүрхэндээ хамгийн ойр мэдэрдэг болов уу гэж боддог юм. Тиймээс бид энэхүү баярын өдөрт зориулсан дугаартаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүн Цэрэндашийн Цолмонг онцлон, Батлан хамгаалахын сайдын хувьд нэг өдрийнх нь ажлыг сурвалжиллаа.
Хөдөлмөрийн болон Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж, Гадаад харилцааны дэд сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч Ц.Цолмон энэ албан тушаалд ирэхэд арай өөр зүйл мэдэрчээ.
Өмнөх сайдаасаа тамгаа хүлээж авахдаа энэ салбарын төрт ёсны тогтсон уламжлал, цог жавхаа гээд бүхий л сайхан зүйлийг нь хамгийн түрүүнд олж харжээ.
08.30 цаг. Зайсан дахь хорооллоос гарч давхисан жийп Батлан хамгаалах яамны шалган нэвтрүүлэх байрны үүдэнд ирж хурдаа хасахад харуулын үүрэг гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч хаалга нээн ёслон нэвтрүүллээ. Уг жийпээр ирж буй хүн бол Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон байв.
Тус яамны төв хаалгаар сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй өндөр тушаалын хүмүүс, гадаад, дотоодын хүндэт зочид ордог уламжлалтай. Гэтэл энэ удаад сайдын машин баруун хаалга буюу тус яамны ажилтнуудтай уулзах жирийн иргэдийг нэвтрүүлдэг үүдээр дотогш орлоо.
Үүдээр ормогц яамны шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоносон тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх, дэд хурандаа Г.Энхболд “Эрхэм сайдад, миний жижүүрийн үүрэг гүйцэтгэх үед Батлан хамгаалах яам, харьяа агентлаг, нэгж салбарын хэмжээнд гарсан зөрчилгүй тайван байсныг илтгэе” хэмээв.
Тэрбээр сайдтай хамт хоёрдугаар давхрын өрөөнийх нь үүд хүртэл явахдаа өнөөдөр (гуравдугаар сарын 12) хийх ажлынх нь төлөвлөгөөнд багтсан, Налайх дахь цэргийн ангиудад Батлан хамгаалах бодлогын баримт бичгийг сурталчлах арга хэмжээний талаар болон УИХ, Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон зарим хууль тогтоомжийн төслийнхөө тухай товч мэдээлэл өгөөд буцав.
09.00 цаг. Энэ хугацаанд тэрбээр өрөөнөөсөө гарсангүй, өрөө рүү нь хүн ч орсонгүй. Тэр хооронд хууль, журмын төслийн боловсруулалт, бусад бичиг баримтыг хянаад, үдээс хойш Налайх дахь Зэвсэгт хүчний ангиудад танилцуулах Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ уншиж судлан, алба хаагчдад энгийн ойлгомжтой байдлаар ярихад бэлтгэлээ.

10.00 цаг. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан өрөөнд орж ирлээ. Тэрбээр уг албан тушаалд өнгөрсөн оны аравдугаар сард томилогдохоосоо өмнөх жилийн хугацаанд Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
Хурандаа Б.Батсайхан сайдтай багахан хугацаанд уулзаад гарахдаа бодлогын баримт бичгээс гадна “Оюутан цэрэг” хөтөлбөр, “Хааны эрэлд-2016”, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд буй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний, Цэргийн албаны, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийнхээ талаар болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн тухай ярилцаж амжив.
Зарим нь нууцын зэрэглэлтэй асуудал байсан тул сайдын нэг өдрийн ажлыг сурвалжилж буй бид байнга дэргэд нь суугаад байх боломжгүй байлаа.
10.50 цаг. Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч Д.Болормаа “Баянзүрх дүүргээс зохион байгуулж буй “Одонгоо зүүцгээ ахмадууд аа” арга хэмжээ хараахан эхлэх болоогүй тул та бүхэн сайдаас аминчлан асууж тодруулах зүйл байвал одоо өрөөнд нь уулзчих” гэсний дагуу бид сайдаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Та цэргийн алба хаагаагүй гэдэг. Тэгсэн атлаа биеэ авч яваа байдал тань цэргийн хүнээс дутахгүй харагддаг л даа. Ер нь цэргийн салбарт ирэхэд юугаараа өөр байв?
-Батлан хамгаалахын сайдын албан тушаалд 2014 оны арваннэгдүгээр сард томилогдож байлаа. Цэргийн алба хаагаагүй ч миний хувьд батлан хамгаалах салбартай ойр байсан гэж хэлж болно.
Би дипломатч, инженер мэргэжилтэй хүн шүү дээ. Гадаад харилцааны дэд сайд, Элчин сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд улс орны батлан хамгаалах салбартай миний амьдрал холбоотой л байсан.
-Та спортоор хичээллэдэг үү?
-Хэчнээн их ажилтай байсан спортод боломжоороо цаг гаргахыг хичээдэг. Долоо хоногийн лхагва, бямба гариг болгонд хоёр цаг волейбол тоглож, хөлсөө гаргадаг.
-Сонгууль хаяанд тулжээ. Та нэр дэвших үү?
-Намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшээч гэсэн санал тавьж байгаа. Гэхдээ үүнийг би дангаараа шийдэхгүй, намын их хурлаас шийдвэрлэнэ шүү дээ.
-Улс төрд нэг орчихоор гарч болдоггүй юм уу. Та нэг хэсэг нам байгуулж хүртэл үзсэн шүү дээ. Одоо больё гэсэн бодол төрдөг үү?
-Бие эрүүл байна. Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө зүтгэе гэсэн сэтгэл, зүтгэл, туршлага надад байна. Улс төрөөс гарч чадахгүйдээ биш л дээ. Би өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч, тууштай байхын тулд нам сольж, өөрөө хүртэл шинийг байгуулж үзсэн. Одоо бодож байхад, Монголд олон намын тогтолцоо бус, улс төрийн ганц сайн шигшээ баг байх хэрэгтэй юм билээ.
-Таныг МАХН-ын дарга Н.Энхбаярын хүмүүсийг БХЯ-нд авчирч, цэргийн мэргэжлийн хүмүүсийг гудамжинд гаргалаа гэсэн шүүмжлэл хэвлэлээр нэлээд явсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Аль ч салбарт ажилласан бай, хүнд итгэлийг нь даах, тулж түших туршлагатай өөрийн гэсэн хүмүүс хэрэгтэй байдаг л даа. Гэхдээ миний хувьд гарын арван хуруунд багтах хэдэн хүнийг л ажилдаа хариуцлагагүй хандсаных нь төлөө халсан. Халагдсан хүмүүс янз бүрээр гомдол гаргадаг байх.
Тэдний оронд томилсон хүмүүс надтай олон жил хамтарч ажилласан, түшигтэй, итгэлтэй хүмүүс. Миний зөвлөх гэхэд л иргэний яаманд надтай хамт ажиллаж байсан хүн. Зарим газар, хэлтсийн даргын тухайд бол бүгд л цэргийн сургууль төгссөн, өөр байгууллагад ажиллаж байгаад ирсэн хүмүүс. Цэргийн хэргийн ямар ч мэдлэггүй хүнийг чухал албан тушаалд томилно гэж юу байх вэ дээ.
11.40 цаг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Хурандаа цол олгож эхэлсний 80 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн ЗДТГ, “Монгол хурандаа” нийгэмлэг хамтран төрийн цэргийн байгууллагын хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” арга хэмжээ зохион байгуулж, нээлтэд нь Ц.Цолмон сайд оролцох цаг дөхжээ. Замын түгжрэл ачааллаас шалтгаалаад тэрбээр 20 минутын өмнө БХЯ-наас гарч, Бөхийн өргөө рүү явав.

Тэрбээр хурандаа нарт хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Миний бие Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа багагүй санал, санаачилгыг ажил хэрэг болгож чадлаа. Тухайлбал, манай салбарын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн хамгаалалд ахиц гарч, гадаад хамтын ажиллагаа улам эрчимжиж, зэвсэг техникийн шинэчлэл шинэ шатанд гарлаа.


Монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, иргэн-цэргийн харилцаа өргөжин сэргэж байна. Батлан хамгаалах салбарын үүх түүх, амжилт бүтээл бүхэн ахмад буурлууд та бүхэнтэй салшгүй холбоотой” хэмээн онцолсон юм.
Одонгоо зүүсэн ахмад хурандаа нар жил жилийн энэхүү арга хэмжээнд их идэвхтэй оролцож, үеийн нөхдөө, халуун залуу насаа дурсан нэг өдрийг цэнгүүн хөгжилтэй өнгөрүүлдэг гэнэ.
13.00 цаг. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Батлан хамгаалахын сайд, Зэвсэг хүчний жанжин штабын дарга нарыг урьж, хүндэтгэлийн зоог барьдаг уламжлал тогтоод уджээ.
Энэ дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Жанжин штабын дарга нарын төлөөлөлтэй хүндэтгэлийн зоог барилаа. Харин жил бүрийн нийслэлийн ойн өдрөөр Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ынхан нийслэлийн удирдлагуудыг хүндэтгэлийн зоогт урьдаг аж.
14.10 цаг. Монголд Барилгын цэргийн анги үүсэж, хөгжсөний 80 жилийн ойн баярын хуралд сайд оролцлоо. Гэхдээ хөтөлбөрт байсан шиг тэр индэрт гарч, үг хэлсэнгүй.
УИХ-ын дарга З.Энхболд үе үеийн барилгачин цэргүүдийн алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн, мэндчилгээ дэвшүүлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балган-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нар баяр хүргэж үг хэлсэн болохоор цаг хэмнэхийг хүссэн байж ч болох.

Ямартай ч 1936 оны гуравдугаар сарын 12-нд Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийн санаачилгаар Барилга засварын суман байгуулагдсанаас хойш Монгол орны өнгө төрхийг өөрчлөн орчин цагийн хотыг сүндэрлүүлж, Төрийн ордноос эхлээд 5000 гаруй объект ашиглалтад оруулсан барилгын цэргийнхнээ хүндэтгэн Ц.Цолмон сайд баярын хурлынх нь нээлтэд оролцоод, тэндээсээ шууд Налайхыг зорилоо.
15.20 цаг. Налайхын цэргийн хүрээний анги нэгтгэлүүдэд Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ танилцуулахаар явж буй сайдын амыг замын турш “чангаахаа” бид яахин умартах билээ.
Улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг даган барилгын цэргийн бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг шинэчлэгдэж байгаа учраас Архангай, Говь-Алтай аймагт Барилга, инженерийн цэргийн анги байгуулахаар болж, төсөв хөрөнгийг нь шийдүүлж буйгаа тэрбээр ярианы эхэнд онцолсон.

Ц.Цолмон сайдын гэргий Д.Алтанцэцэг физикийн багш мэргэжилтэй бөгөөд одоо гавьяаныхаа амралтад сууж, ач, зээ нараа хардаг гэнэ. Хүү, охин хоёр нь хоёулаа аавынхаа мэргэжилтэй ойролцоо буюу дипломатч, олон улсын эдийн засагч болцгоосон ч өдгөө бизнес эрхэлж байгаа аж.
Сонирхуулахад, Ц.Цолмон сайд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой худууд юм. Хүү нь Р.Гончигдорж гишүүний охинтой гэр бүл болсон билээ. Өвөөг оройд ажлаа тараад очих тоолонд хоёр нас хүрч яваа зээ охин нь ганганан шулганасаар угтаж, сэтгэлийг нь сэргээдэг гэсэн. Айл гэрт хүүхдийн дуу цангинах тийм аз жаргалыг юутай ч зүйрлэх аргагүй.
Сайдыг өнгөрсөн жил Францад айлчлахдаа эхнэрээ төсвийн мөнгөөр дагуулж яван, тансаглуулсан гэдэг нь үнэн, эсэхийг ярианы далимд өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр “Франц руу төрийн айлчлал хийхийн өмнө манай яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрынхан “Та албан айчлал хийж байгаа юм чинь эхнэрээ дагуулаад явж болно шүү дээ” гэсэн юм.
Тэгэхээр нь “Үнэхээр болдог юм бол тэгье” гээд гэр бүлийн хүнээ дагуулаад явлаа. Гэтэл тэгж болдоггүй юм билээ. Тэгээд зардлын мөнгийг нь буцаагаад төлсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөн зарим хүн бусдын улыг байнга шагайж байдаг явдал хаа газарт бий шүү дээ. Тэр бүгдийн араас би хөөцөлдөөд, эмзэглээд байдаггүй” хэмээсэн.
Нээрэн, түүнийг анзаараад байхад УИХ-ын чуулганы танхимд хэн нэгэнтэй бараг ам мурийж харагддаггүй. Ажил, амьдрал дээр ч хүнтэй ам мурийж, цухалдахыг тэр урьтал болгодоггүй гэнэ. Энэ нь ямар ч асуудлыг эвээр, энхийн журмаар шийдэхийг чухалчилдаг дипломатч мэргэжилтэй нь холбоотой аж.
Уг нь тэр багадаа шаггүй хөдөлгөөнтэй, алиа шооч нэгэн байж. Гэтэл хүүгээ хойшоо сургуульд явахын өмнө Цэрэндаш гуай “За хүү минь, олны газар үг хэлээ цэгнэж яваарай. Болох болохгүй үгээр хүнийг шоолж, наргиж болохгүй” хэмээн захиснаар тэр үндсэндээ хүмүүжсэн байна.
Тэрбээр Москвагийн дипломатын академийг төгсөж ирээд Гадаад явдлын яаманд Европын социалист орнууд болон Америк-Монголын харилцааг хариуцаж ажилладаг байжээ. Түүнийг 1995-2000 онд ОХУ, Болгарт Монголыг төлөөлөн Элчин сайдаар сууж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Мөн Гадаад явдлын яаманд байхдаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноор Монгол Улсын аюулгүй байдлын баталгааг гаргуулах, цөмийн зэвсэггүй бүс болох статусаа хүлээн зөвшөөрүүлэх талаар санал, санаачилга дэвшүүлснийг дараагийн хүмүүс нь үргэлжлүүлэн хөөцөлдсөөр 2012 онд баталгаажуулсанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд баяртай байдаг гэсэн.

16.10 цаг. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нарыг Налайхын цэргийн ангийнхан уламжлал ёсоор хүндэт харуул жагсааж угтлаа.
УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичгийг шинэчлэн баталсан бөгөөд ямар өөрчлөлт, онцлогтой болсон тухай болон Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, бүтээн байгуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар зэвсэгт хүчний ангиуд, салбарын харьяа нэгж байгууллагын алба хаагчдад танилцуулсан.

Гурван ангид танилцуулга хийсэн болохоор цаг ч нэлээд орой болж, алба хаагчидтай харилцан асуулт, хариулт өрнүүлэх хугацаа сайдад гарсангүй. Цэргийн алба хаагчидтай уулзсаны дараа тэрбээр эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн байгаа дөрвөн хүнд албан тушаалын байрны түлхүүр гардуулж өгсөн юм.
Зэвсэгт хүчний алба хаагчдын хувьд орон сууцны асуудал хамгийн хүндрэлтэй байдаг тул цаашид албан тушаалын байрыг нь хувьчилж өгдөг болгох, Батлан хамгаалах яамнаас банкуудад баталгаа гаргаад, хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлд хамруулах чиглэлээр анхаарч буйгаа салбарын сайд нь энэ үеэр онцолсон.
18.50 цаг. Тавантолгой-Сайншанд чиглэлийн 428 км шинэ төмөр замын доод бүтцийн ажлын бүтээн байгуулалтад оролцох цэргүүд Налайх дахь МСҮТ-д мэргэшиж эхлээд хоёр сар гаруй болж байгаа тул сайд тэдэнтэй уулзахыг хүсчээ.
Энд БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийн 110 сонсогч, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 15 байлдагчийг мэргэшүүлж байгаа бөгөөд сарын дараа төгсөх аж. Төмөр зам барих цэргүүд үндсэн мэргэжлээсээ гадна хүнд машин механизмын мэргэжил давхар эзэмших болсондоо тун олзуурхаж байсан юм.

Увс аймгийн Зүүнговь сумаас ирсэн Р.Зоригоо “Би урьд нь сумаасаа огт гарч үзээгүй байсан. Цэргийн албанд ирээд олон найзтай болж, бас шинэ зүйл сурч байгаадаа их баяртай байна. Хүнд машин механизмын засварчин мэргэжил эзэмшиж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцчихоод, нутагтаа очиж ажиллаж, амьдрахыг хүсдэг” хэмээв.
19.30 цаг. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Энхбаярын хүсэлтээр албан тушаалын байрных нь “тоононд” Ц.Цолмон сайд хадаг зүүж өгөхөөр боллоо. Ц.Энхбаярынх “Шинэ Налайх” хорооллын 3-47 тоотод орж байгаа аж. 37 ам метр талбай бүхий хоёр өрөө байранд орж буйдаа тэдний гэрийнхэн тун баяртай байв.
Зэвсэгт хүчинд 23 жил ажиллаж буй Ц.Энхбаяр хурандаагийнх хүү, охин хоёртой. Гэргий нь ч мөн цэргийн хүн юм билээ. Өөрийн гэсэн орон сууцгүй, үргэлж түрээсийн байр дамжин олон жилийг ардаа үдсэн ч зэвсэгт хүчиндээ үнэнч, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан энэ гэр бүлийн мөрөөдөл ийнхүү биелжээ.

Даргыгаа шинэ байранд орж буйг тохиолдуулан гэрийнх нь жаврыг үргээхээр 350 дугаар ангийн хоёр алба хаагч морин хууртайгаа ирж, гийчдийн сонорыг давхар мялаалаа.
20.20 цаг. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн нэг өдрийн ажил энд хүрээд дуусаж, “Шинэ Налайх” хорооллын III байрны үүднээс бид тус тусын унаанд суун зам салцгаав. Гэхдээ түүнээс өмнө сайдаас “Монгол эр хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ” хэмээн асуугаад амжсан шүү. Тэрбээр “Монгол эр хүн ноён нуруутай, эрдэм боловсролтой, тууштай байх ёстой гэж би боддог.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн шиг эзэн байж, зөвхөн Монголдоо гэлтгүй, дэлхийн түвшинд гайхагдахын төлөө тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Цөөхөн монголчууд энэ дэлхийн долоон тэрбум хүнээс ялгарахын тулд бие бялдрын хүчээс гадна оюуны асар өндөр чадвартай байж гэмээнэ санасандаа хүрнэ. Өнөөдөр манай цөөнгүй залуус олон улсад гайхагдаж байна.
Тэдэн шиг дахиад мянга мянган залуус хэрэгтэй. Тэгээд монголчууд туурга тусгаар улсаа хамгаалж, хөгжүүлж чадна гэсэн бат итгэл үнэмшилтэй байж, түүнийхээ төлөө зүтгэж, тэмцэх учиртай” гэж хариулсан.
Мөн тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, дэлхий дахинд энх тайван тогтоох нийтийн үйлсэд хүчин зүтгэж, ялалт авчирсан эрэлхэг зоригт ахмад дайчдаа энэ өдөр бахархан хүндлэх ёстойг сануулав.
Эцэст нь сайд Монгол цэргийн өдрийн мэндийг бүх монголчуудад дэвшүүлснийг бас уламжилъя. Монголын батлан хамгаалах салбарт ажиллагсдын 25-30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг учраас хүйсийн ялгаа гаргахыг тэр хүлээн зөвшөөрдөггүй гэсэн.
Орчин цагийн Монгол орныг батлан хамгаалах, хөгжүүлэх үйлс бол зөвхөн эрчүүдэд бус, гурван сая монгол хүнд бүгдэд нь хамаатай асуудал мөн. Тиймээс бүх монголчуудад баярын мэнд хүргэе.
Г.ЦОЛМОН, Л.ГАНЧИМЭГ