Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, хэрэгжилтийн явцын талаар өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр зохиогч, хэрэгжүүлэгч багийн эрдэмтэн судлаач, багш нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр нийт цэцэрлэгт хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан баг боловсруулсан юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарт хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хүүхдээс ирж буй дохио сигнал бүрт ач холбогдол өгөх, хүүхдээ дагаж ажиллах, хүүхэд бүрийг судлах, тэдэнтэй хамт тоглох, бүтээх, тэдэнд туслах, чиглүүлэх зэрэг олон ахиц дэвшил гарч байгаа гэдгийг албаныхан онцолж байсан юм. Харин хүүхдүүдийн хувьд цэцэрлэгтээ дуртай байх, хийхийг хүссэн зүйлээ олох, сонгох, төлөвлөх, санаа бодол хүслээ чөлөөтэй илэрхийлэх, бие дааж өөрөө өөртөө үйлчлэх, шинжлэн судлах гэх мэт олон талын ашигтай аж.
Мөн энэ үеэр СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн багийн гишүүн Л.Дэлгэрмаа “Сүүлийн үед олон нийт ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын системд шашны холбогдолтой утга агуулга орсон байх магадлалтай хэмээн хардаж байна. Бага насны хүүхдийн сургалт, төлөвшил олгох үйл явцад шашны нөлөө орох ямар ч боломжгүй. Бидний одоо боловсруулж байгаа болон өмнө нь боловсруулсан цөм хөтөлбөрүүдийг нийт төрийн болон төрийн өмчит цэцэрлэгүүд дагаж мөрдөх ёстой.
Төрийн өмчит цэцэрлэгүүдэд шашныг сурталчлах, бага насны хүүхдэд шашнаар дамжуулан боловсрол олгох зэргийг Боловсролын тухай хуулиар хориглодог. Тэгэхээр Боловсролын тухай хуулинд төрийн болон төрийн бус өмчийн хэлбэр харгалзахгүйгээр СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдэд нь шашны холбогдолтой зүйлсийг зааж сургаж байна гэж үзэж байвал цэцэрлэг дээр нь нэг өдөр хамт байгаад зааж байгаа хичээлүүдэд нь хяналт тавиад үз. Олон нийтийн цахим хуудсуудаар цацагдаад байгаа зүйлүүд албан ёсны сурах бичгүүдэд байхгүй гэдгийг хэлмээр байна. Орчин үед хүссэн хүн бүр ном хэвлүүлж болдог болсон. Харин тэдгээр номыг хянаж шалгадаггүй, чөлөөтэй хэвлэгдэж гарч байгаа нь асуудал үүсгэж байна.