Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойг тохиолдуулан Дүдү боловсрол сангаас Цаасан онгоцны улсын аврага шалгаруулах анхдугаар тэмцээнийг өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж байна. Тэмцээний үеэр Монгол Улсын Баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзан, гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо “Сансрын нэг өдөр” хөтөлбөрт хамрагдан, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Цаасан онгоцны тэмцээнд нийт 1000 гаруй хүн оролцож байгаа бөгөөд Улаан, Шар, Ногоон, Алаг, Насанд хүрэгч гэсэн насны ангиллаар “Холын зайн нислэг”, “Агаарын цаг”, “Агаарын үзүүлбэр” төрөлд уралдаж байгаа аж.
Энэхүү “Цаасан онгоц” хөтөлбөрөөр дамжуулж хүүхэд багачууд, оюутан залуучуудад STEM боловсрол /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ олгох эрхэм зорилготой бөгөөд сургагч багш, мэргэжлийн тамирчид /цаасан онгоцны нисгэгч/ бэлтгэж, цаашлаад дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцохыг эрмэлзэж байгаа юм байна.
Мөн уг тэмцээн нь Монголд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн хол зайд онгоцоо нисгэсэн оролцогчийг “Цаасан онгоцны Монголын дээд амжилт”-аар бүртгэн батламж олгохын зэрэгцээ 1.000.000 төгрөгийг дагалдуулан өгөх болно. Ганцхан үүгээр ч зогсохгүй төрөл төрлөөсөө хамааран маш олон шагналын сангууд хүлээж байгаа юм.