УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал хэмээх эмэгтэйг хууль хяналтын байгууллагаас саатуулан, сэжигтнээр тооцож 14 хоногийн турш цагдан хорихоор болсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох гол дуулиан байлаа. Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатарыг мэдээлэл хийсний дараа Х.Баттулгын эргэн тойрны өөр хүмүүсийг дахин нэг шинэ хэрэгт шалгаж эхэлсэн нь олны анхаарал татаж байгаа юм.
“Либерти партнерс”-ийн Ч.Ганбатын нэр дахиад дуулдах болов
Энэ нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийг байгуулсан болон газар олгосонтой холбоотой хууль зөрчсөн үйлдэл юм байна. Аж үйлдвэрийн яам болон хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан хэд хэдэн эх сурвалжтай уулзаж өрнөөд байгаа үйл явцын эргэн тойронд мэдээлэл цуглууллаа.
Тус компанийг анх 2012 оны аравдугаар сард ҮХААЯ-ны хурлын танхимд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ. 2013 оны гуравдугаар сард Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа 76 дугаар тогтоол гарган “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14.170.8 (арван дөрвөн тэрбум нэг зуун далан сая найман зуун мянга) сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолын хоёрдугаар зүйлд заасан Хөгжлийн банкнаас олгох зээл, түүний хүү, валютын ханшийн зөрүүг эргэн төлөх хуваарьт тохируулан улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай” хэмээн баталжээ.
Ингээд төрийн мэдлийн оролцоотой “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар “Либерти партнерс” компанийн захирал Чулуунхүүгийн Ганбатыг томилсон аж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг өдгөө АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Монголын төмөр зам компанийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Интерпол олон улсад эрэн сурвалжилж байгаа билээ.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга, түүний зөвлөх Ч.Ганбатын нар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганзориг, байгаль орчны албаны ахлах мэргэжилтэн Б.Энхбаяр нар 2012 оны арваннэгдүгээр сараас 2013 оны гуравдугаар сарын хооронд “Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний төсөв, ажлын даалгаврыг зургаан тэрбум төгрөгөөр тооцож, материалыг нь бэлэн болго” гэсэн үүргийн дагуу 32000 га талбайд 11 сарын хугацаанд зургаан тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлын даалгаврын хамт боловсруулсан аж.
Ингээд дээр дурдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолоор төсвийг нь батлуулсан аж. Энэ тогтоол гарснаас сарын дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 22-нд А/54 тоот тушаалаараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороодыг байгуулахыг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргалд үүрэг болгожээ.
Төрийн нарийн бичгийн дарга нь 2013 оны наймдугаар сард “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхийг, нарийн бичгийн даргаар Х.Баттулга сайдын хувийн туслахаар ажиллаж байсан Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжаргалыг томилсон гэнэ.
Г.Түвшинжаргал нь Х.Баттулгыг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь хувийн туслахаар нь ажиллаж байсан бөгөөд саяхныг хүртэл сонгуулийн ажилд нь туслах үүрэг гүйцэтгэж байжээ.
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын захирал А.Ганзориг Г.Түвшинжаргалд ажлаа танилцуулдаг байжээ
ҮХААЯ-нд ажиллаж байсан эх сурвалжуудын мэдээлснээр ажил үүргийн хуваарь нь ч тийм байдаг юм уу, эсвэл өөр шалтгаан байсан уу, бүү мэд. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганзориг цогцолбортой холбоотой хийж гүйцэтгэж буй ажлаа Г.Түвшинжаргалд танилцуулдаг байсан гэв.
Өдгөө хууль хяналтын байгууллагаас Г.Түвшинжаргал гэх эмэгтэйд Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний хөрөнгө залилан мэхэлсэн, 1661.1-т заасан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан өнгөрсөн баасан гаригаас эхлэн 14 хоногийн хугацаагаар цагдан хорьсон юм.
Цагдаагийн байгууллага өөрийн дураар сэжигтнийг цагдан хорьдоггүй, үндэслэлээ прокурорт танилцуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулаад буй. Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө шүүхийн байранд очиж, түүгээр ч зогсохгүй өмнөх үдэш нь хэвлэлийн албаныхан нь сэтгүүлчдэд сэжигтнийг цагдан хорих эсэх шүүх хуралд гишүүн өөрөө очно хэмээн зар тарааж, олны сонорт хүргэсэн юм.
Прокурор, шүүхийн эх сурвалжийн мэдээлснээр Г.Түвшинжаргалыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан үнэлгээ хийх газрын хэмжээ 32000 га орчим байсныг 3516.7 га талбай болгон өөрчилж, сонгон шалгаруулалт явуулж, улмаар “Натур фрейндли” ХХК-ийг хууль бусаар сонгон гэрээ байгуулсан байж болзошгүй гэж буруутгаж буй юм билээ.
Ш.Эрдэнэтуяаг Лүнгээс саатуулсан ч цагдан хориогүй
Түүнийг цагдан хорих шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдэд “Надтай хамт 10 гаруй жил хамтарч ажиллаж буй “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяа гэдэг хөхүүл хүүхэдтэй бүсгүйг гэрээс нь шөнө 04.00 цагт цагдаагийнхан баривчилж, байцаалт авна гэж авч явлаа.
Энэ бол төмөр замтай холбоотой үйлдэл биш. Төмөр замын төслийн гэх хэргээс юу ч гараагүй” гэж мэдээлсэн. ЦЕГ болон прокурорын байгууллагаас Ш.Эрдэнэтуяа болон Г.Түвшинжаргал хэмээх хөхүүл хүүхэдтэй хоёр бүсгүйг ямар үндэслэлээр хорьсон талаар нь лавлахад “Г.Түвшинжаргалын хувьд 2014 оны долдугаар сард нярайлж, өдгөө хүүхэд нь нэг ой найман сартай болсон. Түүнийг хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт бус, онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон юм шүү дээ. Эрүүгийн хуулийн 148.4, 1661.1-д заасан хэрэг бол онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-д Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч түүнчлэн мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх үүднээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр шүүх гаргасан. Ш.Эрдэнэтуяаг хувьд гэрээс нь баривчлаагүй. Тэрбээр үндсэн хаяг дээрээ байгаагүй, хотоос гарч Төв аймгийн Лүн сумын нутагт явж байхад нь саатуулсан. Гэхдээ түүнийг сэжигтнээр тооцсон ч цагдан хориогүй. Ажлын байр болон гэрээс нь мөрдөн байцаах байгууллагынхан санхүүгийн холбоотой бичиг баримтуудыг өөрийг нь болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хураан авсан” гэсэн мэдээлэл өглөө.
Г.Түвшинжаргал нарт холбогдох хэрэгт “Натур фрейндли” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр гэх хүнийг ч холбогдуулж байгаа бололтой. Түүнийг нийтийн албан тушаалтнуудтай хуйвалдан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг 5.8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх САҮЦ-03/35 дугаартай гэрээг 2013 оны аравдугаар сарын 25-нд байгуулан хийж гүйцэтгэхдээ Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолоор батлагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсныг 3516.7 га талбай болгон өөрчилж, үнийн дүнг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлж, залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгааг ч прокурорын байгууллагынхан мэдээлэв.
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газраа Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын шийдвэрээр буцааж авсан гэх мэдээлэл ч байна. Цогцолборын ажил урагшлахгүй байгаагаас ийм шийдвэр гаргасан гэх мэдээллийг орон нутгийн ЗДТГ-ынхан өгсөн юм.