Г.БАЯРСАЙХАН (УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд)
Улстөрч хүн нийгэм, цаг үеийнхээ мэдээллээс алхам ч хоцрох ёсгүй. Гэхдээ зүгээр нэг хөл нийлүүлээд явах бус, аливаа зүйлийн гүн рүү нэвтэрч, түүний мөн чанар хийгээд хор хохирол, ач тусыг нь бусдаас аль болохоор түрүүлж олж харах шаардлага тулгардаг. Үүнд хэвлэл мэдээллийнхний үүрэг, оролцоо ч их. Миний хувьд өглөөний цайгаа уухдаа тухайн өдрийн сонинуудыг заавал гарчиглаж, уншихыг хичээдэг.
Тэр дундаа “Өнөөдөр” сонин бол миний өдөр тутам сонгон уншдаг цөөн хэдэн хэвлэлийн нэг. Тэндээс би хүссэн мэдээллүүдээ олж авч чаддаг. Хамгийн гол нь “Өнөөдөр” сонин аливаад буурь суурьтай хандаж, мэдээллийг олон талаас нь тэнцвэртэй, бодитой хүргэдэг. АН, МАН гэж ялгалгүй, шүүмжлэхдээ шүүмжилж, сайшаахдаа сайшааж ирсэн нь үүний илрэл.
Мэдээлэл, технологи хурдтай хөгжихийн хэрээр нийгмийн сэтгэл зүй савлах нь амархан болсон ийм үед хэвлэл мэдээллийнхэн үнэн бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна гэдэг маш чухал. Олон нийтийн сэтгэхүйг хааш нь чиглүүлэх вэ гэдэг бол их хариуцлагатай зүйл.
Тиймээс дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлж ирсэн “Өнөөдөр”-ийнхөнд 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Мөн “Өнөөдөр” сонины уншигчдад ч баяр хүргэе.