Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтнууд 2015 оны аравдугаар сарын 9-нд Тэрэлжид амарч байгаад нэгнийхээ аминд хүрсэн.
Тухайн үед эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Х.Хашболор, ахлагч Б.Өлзийбуян нар хоорондоо маргалдан, гар зөрүүлснээс болж Х.Хашболор чулуун дээр унан, амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан билээ.
Энэ талаар хохирогч Х.Хашболорын ээж Б.Бавуутай ярилцлаа. Өнөөдөр Налайх дүүрэгт энэ хэргийн шүүх хурал болох юм.
-Хэрэг гарах үед бүгд согтуу байсан гэдэг. Талийгаач болон бусдыг нь хэр зэрэг согтуу байсан гэж тогтоосон юм бэ?
-Талийгаачийн согтолтын зэрэг гурав аравны хэдтэй, бусдынх нь тэг зууны хэдтэй гарсан. Бүгд согтуу байсан гэдэг ч худлаа. Эрүүгийнхэн хэзээ ч согттолоо уухгүй. Миний хүү архи уудаггүй хүн.
Найз нөхөдтэйгөө хааяа хоёр, гурван хундага л хүртдэг байсан. Тийм хүнийг хамгийн их согтсон гэж шүүх эмнэлэг дүгнэсэн. Энэ бол ЭЦГ-ынхан шүүх эмнэлгийнхэнтэй хуйвалдсаны нэг илрэл.
-Таны хүү ганцаараа нэлээд хэдэн шил архи уусан гэсэн үг үү?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол тэгж л гарсан. Миний хүү эрүүгийн ахлах төлөөлөгч хүн. Тиймээс бусдыгаа ахалж явсан юм шүү дээ. Баг ахалж яваа, тэгээд архи уудаггүй хүн амралтад очоод тэгтлээ согтоно гэж байх уу. Хүүг маань зүгээр л дүн бүртгэл нэгтгэдэг, нууц энэ тэрд ямар ч хамаагүй байсан гээд байгаа.
Ажил үүргийн хуваарьт нь дүн бүртгэл нэгтгэх үүрэг байдаг ч хүү минь эрүүгийн ахлах төлөөлөгч хүн. Амралтад явахынхаа өмнөх хэд хоногт хүү маань нийслэлд гарсан гэмт хэргийн тоо, дүн бүртгэлийг нэгтгээд хэдэн өдөр толгой өндийх завгүй суусан. Даваа гаригт дарга нартаа танилцуулах байсан юм.
Тэнд нь л “но” байсан юм болов уу. Ямар ч байсан нэлээд том албан тушаалтантай холбоотой болж таараад байгаа юм. Миний хүүгийн аминд хүрсэн амралт бол зохион байгуулалттай хуйвалдаан байсан. Хүү минь хулгайч луйварчдын гар хөл болоогүй учраас, эрүүгийн цагдаагийнханд гай болоод амиа алдлаа.
-Та нар ингэж таамаглаж байгаа юм уу?
-Таамаглал төдий юм биш. Нэг нь бидэнд энэ бол хуйвалдаан гэдгийг хэлчихсэн л дээ. Миний хүү маш шударга хүн. Бидний сэжиглээд байгаа хүн хүртэл мэдүүлэгтээ хүүг маань шударга хүн байсан гэж хэлсэн байна лээ. Сумын цагдаагаас эхэлж ажиллаад дүүргийн цагдаа болсон.
Тэндээсээ Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаагчаар ажилласан. 2015 оны тавдугаар сараас ЭЦГ-т ажиллах болсон юм. Цагдаагийн курс, Цагдаагийн академи төгссөн, магистрын зэрэг хамгаалж, солонгос хэл хүртэл сурсан, өөрийгөө маш их хөгжүүлсэн хүн.
Эцэг эх, ах дүүдээ маш халамжтай, тустай хүү, дүү нь байсан юм. Миний хүүг хөнөөгөөд зогсохгүй, нэр төрийг нь сэвтүүлж байгаад бид туйлын гомдолтой байгаа.
ЭЦГ-т шударга хүн ажиллавал зарим нь дургүй, тийм хүнийг зайлуулдаг, амыг нь хамхидаг юм байна гэж бодож сууна. Миний хүүгийн амыг хамхих зорилгоор энэ амралтыг зохион байгуулсан бололтой. Амралтад явна гэж аравдугаар сарын 8-нд гэнэт зарлаад, 9-нд явсан байдаг. 9-нд баасан гариг, ажлын өдөр байсан.
Гэтэл яагаад амралтад явав, яагаад хэлтсийн дарга нь яваагүй юм. Ямар нэг юм хүлээсэн юм шиг л эндээс утсаар ярин “Та нар юу болж байна. Бид орой очно” гэсээр байгаад гэмт хэрэг гарсны дараа очсон байдаг. Амрах л байсан юм бол бүгд явахгүй яасан юм бэ. Очсон хойноо хүүг минь өдөржин элдвээр өдсөн юм билээ.
Тэгээд харуй бүрий болмогц аминд нь хүрсэн. Өлзийбуян тэр хоёрыг гар зөрүүлэхэд хүргэсэн, цагдаагийн том дарга нарын гар хөл болсон хүмүүс нуугдчихсан.
-Хүүг тань цохисон хүнийг гүйцэтгэгч гэж та үзэж байгаа юм уу?
-Толгой руу нь цохисон хүн л аминд нь хүрсэн. Хүүгийн толгой руу хутгаар шаасан мэт байдаг. Өлзийбуянг миний хүүтэй гар зөрүүлэхэд хүргэчихээд, өөрсдөө салгаж авсан гээд байгаа. Салгаж авсан гэх хүн нь “Үгүй би салгаагүй. Өөр хүн салгасан” гэж мэдүүлсэн. Тэнд байсан таван гэрч бүгд анхны мэдүүлгээсээ буцаж, янз бүрээр өөрчлөөд байгаа.
Сэжигтэн “Талийгаач “Чи яасан овоо юм бэ” гээд намайг цохихоор нь би эгэм рүү нь цохисон. Тэгтэл хамт явсан хошууч Б намайг салгаад авч явсан. Хэсэг хугацааны дараа харахад талийгаач газарт уначихсан байсан. Би толгойд нь огт цохиогүй” гэсэн. Талийгаачийг тэнд байсан таван гэрчийн хоёр нь салгасан юм билээ.
Цагдаа иймэрхүү хэргийг тэр дор нь олон нийтэд худал мэдээлдэг юм байна. “Цагдаагийн алба хаагчид амралтад амарч байгаад маргалдан нэгийгээ цохиж, нөгөөх нь савж унаад нас барчихсан” гэсэн мэдээлэл ард түмэнд өгсөн. Тэр нь батлагдаагүй байхад шүү.
-Гадаа унасан юм уу, гэр, байшин барилга дотор унасан юм уу?
-Гадаа, шороон дээр. Үзүүртэй юман дээр унасан гэх ямар ч баримт нотолгоо байдаггүй. Өлзийбуян л гар утсаараа цохисон гэдэг ч өөрөө хүлээгээгүй. Гар утсаараа цохихыг нь харсан хүн ч байдаггүй. Ямартаа ч гар утас нь хагарчихсан байсан.
-Шархыг нь та нар үзсэн л байж таарна.
-Үзсэн. Тэр бол яагаад ч гар утсаар цохисон, савж унаад авсан шарх биш. Хутга байж мэдэхээр маш иртэй зүйлээр толгойных нь оройд шахам гүнзгий дүрсэн шарх байсан.
Хүн савж унахаараа дагзаараа газарт хүрч, тэндээ гэмтдэг болохоос толгойныхоо оройд гэмтэнэ гэж байдаггүй юм байна. Дагзанд нь хавдсан, гэмтсэн юм юу ч байхгүй. Маш богино хугацаанд хүний нүд хариулж байгаад хийсэн, санаатай аллага гэж л бид үзэж байна.
-Талийгаачаас өдөржин хэрүүл өдсөн хүн нь Өлзийбуян мөн үү?
-Биш, биш. Тэнд гурван ахлах төлөөлөгч байж. Бидний сэжиглэж байгаа хүмүүс анх мэдүүлэг өгөхдөө “Бүгд согтуу байсан болохоор юу ч мэдээгүй” гэсэн. Дараа нь “Намайг гэрт байж байхад талийгаачийг өргөөд оруулж ирсэн” гэсэн бол гурав дахь удаад “Намайг гадаа зогсож байхад талийгаачийг гэр лүү өргөөд оруулж байгаа харагдсан” гэж байгаа юм.
Нэг хүн л гэхэд таван өөр мэдүүлэг өгчихөөд байгаа. Камерын бичлэг харахад талийгаачийг өргөж гэрт оруулан, гэрэл унтраасны дараа гурван хүн гарч ирээд ярилцаад байсан. Гэрч тэр үед хажууд нь хүнтэй юм яриад гурав дөрөвхөн алхмын зайтай зогсож байсан.
-Хүн амиа алдчихаад байхад өргөж гэрт оруулчихаад, гэрлээ унтраачихаж байгаа юм уу?
-Тийм. Гэрлээ унтраагаад хоёр, гурван минут болсон. Яагаад гэрэл унтраасан юм бэ? гэхээр тайлбарлах хүн олдоогүй. Камерын бичлэг дээр зодоон байгаагүй, гэрт орж, гарч байгаа хүмүүс л харагддаг.
-Амралтын газрын камер уу?
-Тийм. Хэргийн газарт бид тэр бичлэгийг харсан. “Бичлэг шаардлага хангахгүй байна” гээд хэрэгсэхгүй байгаа. Гол нотлох баримтыг хэрэгсэхгүй болгосон учраас бид эсэргүүцэж, гомдол гаргасан.
Анх “Би согтуу байсан. Юу ч санахгүй байна” гэсэн хүмүүс дараа нь “Өө нээрээ, энэ бичлэгийг хараад саналаа ш дээ” гээд бичлэг дээрх дүрсийг бүгд таньж, мэдүүлгээ өөрчилсөн. Тэр камерын бичлэгт бүх зүйл байхгүй байна лээ. Зодолдсон хэсэг байхгүй хэрнээ түүний өмнөх нь байсан. Энэ нь хүртэл сэжигтэй.
-Толгой руу нь хэн цохисон болж таарав?
-Бусад нь “Өлзийбуян цохисон” гэдэг. Өлзийбуян “Би цохиогүй. Намайг салган авч явсан хойгуур л цохисон байх” гэдэг. Тэр хүмүүс “Миний ард тийм ийм дарга бий” гэж ярьж байсан гэдэг. Тэднийг дарга нар нь хаацайлж байна. Тэр дарга нарын цаана хэн байна вэ гэдэг их сонин.
-“Миний ард дарга байгаа” гэж хэн хэлсэн юм бэ?
-“Миний ард ЦЕГ-ын тийм ийм дарга бий” гэж гэрч болох Б, Г нар гэрт байхдаа том дарга нарын нэрийг хэлэн хоорондоо ярилцсан байдаг. Тэрийг нь сонссон хүмүүс бий.
-Та нарт сэжиглэж байгаа хүн хэд байгаа юм бэ?
-Гурав бий. Хоёр гэрч болон сэжигтэн. Таван гэрч хуйвалдчихсан, бусад нь дарга нарынхаа дарамтад орчихсон. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг маш дутуу дулимаг хийсэн.
-Задлан шинжээч эмчийг бас хуйвалдсан гэж үзэж байгаа юм уу?
-Адилхан хуйвалдсан. Яагаад гэвэл цохиулсан залууд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнээд зогсохгүй талийгаачийн согтолтын зэргийг хамгийн өндөр гэж гаргасан. Одоо бүр аргагүй хамгаалалт хийсэн болгох гээд байгаа юм. Цагдаагийнхан дотор байгаа гэмтнүүд золиосоо аврах гэж байгаа юм байлгүй.
Анх манай хүүд хоёр, гурав цохиулсан гэж байсан хүн одоо бүр долоо, найм цохиулсан болчихоод байгаа. Тэр задгай талбайд, тэгээд хэн нэгэн өөрийг нь алах гээд уулгалан дайрч байгаа үед л хүн аргагүй хамгаалалт хэрэглэнэ биз дээ. Манай хүү тэр залууд их итгэдэг, найзалж нөхөрлөдөг байсан юм билээ.
-Сэжигтэнд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлчихээд байгаа вэ?
-Прокурор 91.1-ээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн. Анх “Олон нийтийн газарт танхайрсан” гэж үзээд 91.2.2-оор зүйлчилсэн байснаа 91.1 болгоод хөнгөрүүлчихсэн. Одоо бүр аргагүй хамгаалалт гэж үзэх гэж байна.
Энэ хэргийг мөрдөн шалгасан хүн нь Төв аймгийн Заамар суманд сэжигтэн Өлзийбуянтай нэг гэрт хамт амьдарч, нэг дор цуг ажиллаж байсан. Тийм холбоотой хүнээр хэргийг шалгуулсан. Ер нь эхнээсээ л бүх зүйлийг балласан.
-Та нарт хэрэг гарсны дараа хэдийд мэдэгдсэн бэ?
-19 цагийн үед хэрэг гарсан гэсэн. Биднийг 20 цагийн үед очиход Налайхын эмч, цагдаагийн бүх дарга нь ирчихсэн, хэргийн газрыг юу ч үгүй цэвэрлээд ул мөрийг нь баллачихсан байсан. Хүний аминд хүрсэн гэмт хэрэг гарчихаад байхад талийгаачийг байрнаас нь хөдөлгөөд гурван хүн гэрт өргөж оруулсан байгаа юм шүү.
-ЭЦГ-ын ажилтнууд хэргийн газрын ул мөрийг баллаад, талийгаачийг хэргийн газраас зөөгөөд, цус нөжийг нь цэвэрлэчихсэн гэж үү?
-Тэгсэн. Үнэхээр алаагүй, санаандгүй хэрэг байсан юм бол талийгаачийг унасан газарт нь байлгахгүй яасан юм бэ. Тархи руугаа тийм иртэй зүйл шаалгасан хүн амьд байх уу. Ойлгомжтой шүү дээ. Нас барчихсан гэдгийг нь тэнд байсан хүмүүс мэдэж байсан л байж таарна. Одоо бүр шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Өмнөх шүүх хурлыг сэжигтний хүсэлтээр хойшлуулсан.
Миний хүү УМБГ-т байхдаа “Хятадын хэргүүд маш их орж ирэх юм. Дээрээс дарга нар мундагдаад дарамттай юм” гээд үнэхээр үгээ хэлдэг байсан. ЭЦГ-т дарамтгүй байсан даа миний хүү бүр бодол болчихсон явж байх уу.
Эхнэртээ “Энэ муухай ажлаас гараад жижүүрийн офицер хийдэг юм бил үү” гэж ярьж байсан байгаа юм. Зүгээр нэг зодолдсон хүмүүс, тэр тусмаа хүний хаана цохивол яахыг мэддэг цагдаа нар нэгийгээ санаандгүй ална гэж байх уу. ЭЦГ-т орсных нь дараа “Чи мөрдөндөө л байж байхгүй яасан юм бэ. Яах гэж мөрдөнгөөс гүйж ирсэн юм бэ” гэж хүүг минь дарамталсан байдаг.
Тэр тухай нэг удаа аавдаа хэлсэн байна лээ. Хэргийн газарт зодоон болохын өмнө бас л нэг нь “Чи яах гэж мөрдөнгөөс ирсэн юм бэ. Чамайг уйлуулна даа” гэж занасан байна лээ. Энэ хэргийн үнэн мөн нь олдохгүй, хажууд нь байсан хүмүүс бүгд хуйвалдаад байгаа учраас бид хэвлэлд хандахаас аргагүйд хүрлээ.
Х.БОЛОРМАА