ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх нэг өрөө болон асаргааны өрөөг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.
Энэхүү хоёр өрөөг тохижуулах ажлыг “Тэнгэрийн модун” ТТБ, “Хас медиа” энтертайнмент хамт олон хийсэн юм. Тус хамт олон өнгөрөгч наймдугаар сард албан ёсны эрхтэйгээр “Рэкетир 2” киног Монгол гаргасан билээ.
Тэгвэл "Рэкетир" УСК-ны нийт орлогын тодорхой хувийг ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх өрөө болон асаргааны өрөөг тохижуулахад зориулжээ.
Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн дөрвөн ортой хамгийн том өрөөг иж бүрэн тохижуулсан бөгөөд цонх, хаалга зэргийг эмнэлгийн стандартад нийлүүлэн сольсон бөгөөд өрөөний хоёр хананыг Монгол ардын үлгэрийн баатруудыг зурсан нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болох юм.


Хүүхдийн өрөөг тохижуулснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэл зүйл эерэгээр нөлөөлдөг ажээ.
ГССҮТ-ийн Эмчилгээ чанар, дотоод хяналтын албаны дарга Ч.Нямхүү “Монгол Улсын хэмжээнд гэмтлийн ганц эмнэлэг байдаг. Манай эмнэлэг 412 ортой үүнээс хүүхдийн гэмтлийн хоёр тасаг байдаг нийлээд 70 ортой бөгөөд манай хамт олон эмчилгээ сувилгааг цаг алдалгүй хийдэг. Гэвч манай улсын эдийн засагтай холбоотойгоор энэ барилга байшин өрөө тасалгааг яг энэ хэмжээнд засах төсөв мөнгө нь хомс учраас урсгал засвар хийсэн болдог. Өнөөдөр хүүхдүүд эмчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хамт олонд баярлалаа. Мөнгө төгрөгтэй бол бүх өрөөгөө ингэж засах шаардлагатай байгаа байна” гэсэн юм.

Дээрх хоёр өрөөг тохижуулсан хамт олон хүүхдүүдийг тохь тухтай өрөөнд амрах орчныг бүрдүүлж өгсөн байсан юм. Тус өрөөнд хөргөгч байрлуулж, номын тавиур байрлуулжээ. Иргэдийн хувьд хүүхдийн ном зохиол хандивлаж болно гэдгийг “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү залуус даа уриалсан юм.

