ОХУ-ын Донын Ростов хотод "Боинг 737-800" нисэх онгоц сүйрч, бүхээгт явсан 62 хүн бүгд амь үрэгдсэн билээ.
Тодруулбал Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос ОХУ-ын Донын Ростовын чиглэлд ниссэн, иргэний агаарын тээврийн "FlyDubai" компанийн нисэх онгоц Москвагийн цагаар 3:40 цагт үзэгдэх орчин муу нөхцөлд газардахдаа нисэх зурвасын орчим сүйрсэн аж. ОХу-ын Тээврийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр онгоц хоёр удаа буух оролдлого хийсэн ч газарт хүрмэгцээ дэлбэрсэн байна.
Мөрдөн шалгах хороо онгоцны осол ямар шалтгаанаас болсныг шалгаж байгаа боловч нисэх багийн бүхээгийн дуу болон мэдээлэл хураагч маш их гэмтсэн учир хар хайрцгаас мэдээлэл авах бараг боломжгүй байгаа бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна гэж мэдэгдсэн байна.

Гэвч үзэгдэх орчин муу, цаг агаарын таагүй байдал үүссэн учраас хүчтэй салхинаас болж осолдсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ямар ч байсан нисгэгчийн буруугаас, техникийн саатал гарснаас эсвэл цаг агаарын байдлаас болж онгоц сүйрсэн эсэхийг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажил явагдаж байгаа юм.