Монгол Улсын батлан хамгаалах салбарын албан хаагчид 2002 оноос олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан бол энэ жилээс тэдний эгнээнд цагдаа нар нэгдэхээр болжээ. Энэ талаар ЦЕГ-ын Сургалтын төвийн Сургалтын хэлтсийн дарга Р.Бат-Оргилоос тодрууллаа.
-Монголын цагдаа олон улсад энхийг сахиулахаар болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд манай цагдаа нар өмнө нь оролцдог байсан. Гэвч цагдаагийн биш, цэргийн үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Тэгвэл энэ удаа цагдаагийн үүргээ гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэж байна.
Дайны хүнд нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллагын чадамж сулардаг. Тиймээс НҮБ-аас олон улсын цагдаа нарыг ажиллуулдаг. Ингэхдээ чадвар, чадамжаас нь хамаарч аль улсын цагдааг илгээх вэ гэдгээ шийддэг. Тиймээс бид анхны хүмүүсээ 21 хоногийн сургалтад хамруулж, өнгөрсөн баасан гаригт төгсгөлөө.
-Та бүхний явуулж буй сургалт олон улсын стандартад нийцэх үү?
-Олон улсад хэв журам сахиулах цагдаагийн алба хаагчид англи хэлний өндөр мэдлэг, бие бялдрын хөгжил сайтай, галт зэвсэгтэй харьцах чадвар, бартаат замд богино хугацаанд тээврийн хэрэгслээ уран жолоодох чадвартай байх ёстой.
Бид үүний дагуу сургалтаа явуулж буй. Тэгэхээр уг сургалтад хамрагдсан 50 гаруй алба хаагч тэсвэр хатуужилтай, олон улсын шаардлагад нийцэхүйц болсон гэж болно.
-Алба хаагчид 21 хоног бэлтгэл хийгээд НҮБ-ын шалгуурт нийцэх болов уу?
-Бид энэ хугацааг хангалттай гэж үзэж байгаа. Бэлтгэлд хамрагдаж буй алба хаагчид 06.00-22.00 цаг хүртэл сургуулилалт хийж байна. Энэ хугацаанд бүх хичээлээ англи хэлээр заадаг. Тэгэхээр НҮБ-ын комиссын шалгуурт тэнцэнэ.
-Дахин ийм сургалт явуулах уу. Олон улсад ажиллах сонирхолтой алба хаагчдад нас, хүйс заадаг уу?
-Цагдаагийн алба хаагчдаа мэргэшүүлэх үүднээс явуулна. Тийм настай гэсэн шалгуур бол байхгүй. Баасан гаригт төгссөн сургалтад хамрагдсан алба хаагчдын долоо нь эмэгтэй хүн. Цаашдаа ч бид нас, хүйс заахгүйгээр сургалтад хамруулна.
-Монголын цагдаа олон улсад үйл ажиллагаа явуулах нь олон сайн талтай гэдэг. Үнэн үү?
-Хамгийн эхэнд улсын нэр хүндийн асуудал яригдана. Дээрээс нь цагдаа нар хувь хүнийхээ болон алба хаагчийнхаа хувьд сайн төлөвшинө. Тухайлбал, олон улсад хүний эрх гэж чухам юуг хэлдэг, түүнийг зөрчихгүй байх ёстой гэдгийг ойлгох байх.
Мөн ахуй амьдралд ч эерэг нөлөө үзүүлнэ. Одоо бэлтгэгдэж буй алба хаагчид 1-2 жил ажиллах гэрээ хийнэ. Ингэхдээ нэг сард 5-6 мянган ам.долларын цалин авна.
Г.ЦЭЦЭГ