Нар наашилж шороо бужигнасан энэ өдрүүдэд тослог арьс тань хүртэл хуурайшиж өнгөө алдаад байна уу. Тэгвэл өвөл зуны зааг хаврын улиралд арьсандаа тохирох маскыг өөрсдөө бэлдэж сурцгаая. Мэдээж гол найрлага нь зөгийн бал байх болно.
Тослог арьсанд зориулсан бэлдмэл:
Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд нэг цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сүү, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгасан нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нүүрэндээ тавьж 15-20 мин байлгаад угаана.
Чийгээ алдсан хуурай арьсанд зориулсан бэлдмэл:
Арьс чийгээ алдсанаас болж үрчлээтдэг. Иймд нэг цайны халбага зөгийн балыг, хоёр ширхэг өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж бага зэрэг халаана. Энэ маскийг нүүрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ үе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд гурван үе тавьсны дараа 20 мин болгоод угааж цэвэрлэнэ.
Арчилгаа муугаас хөгширч унжсан арьсанд зориулсан бэлдмэл:
Арчилж додомдохгүй байснаас хүний арьс амархан хөгширч унждаг. Иймд нэг цайны халбага улаан буудайн юмуу овьёосны гурил дээр нэг цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут хэртэй тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.
Мэдээж эдгээр маскаа түрхэхээс өмнө нүүрээ цэвэрлэнэ. Эхлээд нүүрнийхээ будгийг сүүн шингэнээр цэвэрлээд, өөрийнхөө арьсанд зориулагдсан шингэн савангаар заавал угаах хэрэгтэй. Нүүрээ сайн цэвэрлэснийхээ дараа маскаа тавина. Үүний дараа арьсандаа тохирсон тосоо түрхээрэй. Ингээд л өөгүй толигор арьстай боллоо.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/57730.html