Метрополитан гэх нийслэлд маань тэргэнцэртэй хүмүүс саадгүй орж бас гарах боломжтой хаалга, довжоотой барилга байгууламж цөөн. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлд тэргэнцэртэй иргэн суух талаар бүр ярих ч хэрэггүй. Харин энэ байдлыг өөрчлөхөөр Зам тээврийн яамнаас “Хамтдаа зорчъё” хэлэлцүүлэг хийжээ. Уг хэлэлцүүлгийн мөрөөр “Улаанбаатар төмөр зам”-ын вагон депогийн ерөнхий инженер О.Дэмбэрэлсүрэнгээр ахлуулсан техник, засварын ажлын баг энэ оны эхээр нэг вагоныг бүхэлд нь тэргэнцэртэй хүмүүс саадгүй зорчдог болгон, засаж өөрчилж эхэлсэн билээ.
Тэгвэл тэдний ажил дуусаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон өнөө өглөө 08.30 цагт Сайншандын зүг анхны аяллаа хийлээ.
Налуу шат болон тэргэнцэртэй хүмүүс саадгүй хэрэглэж болохуйц ариун цэврийн өрөөтэй болгож тохижуулсан галт тэргэнд зургаан хөгжлийн бэрхшээлтэй иргэн асран хамгаалагчийн хамт зорчих боломжтой аж.