АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Куба улсад хийж буй айлчлалыг сурвалжлахаар дэлхийн 50 гаруй орны 1500 гаруй сэтгүүлч тус улсад ирсэн талаар Кубын Гадаад хэргийн яамны олон улсын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Цагаан ордны тэргүүний бүхий л үйлдэл, хөдөлгөөнийг хэвлэл мэдээллийн 400 орчим төлөөлөгч ажиглаж мэдээлж байгаа аж. Гавана хотод байнгын төлөөлөгчийн газар нь байдаггүй "USA today", "Telemundo", "Univision" зэрэг телевизийн суваг болон сонинууд сурвалжилж байгаа юм.
Америкийн төрийн тэргүүн Барак Обама, тэргүүн хатагтай Мишель, хоёр охины хамт болон конгрессийн гишүүд, төлөөлөгчдөөс бүрдсэн баг энэ сарын 22 хүртэл Куба улсад байх ба энэхүү түүхэн айлчлалыг сурвалжлах хамгийн том хэвлэлийн төвийг “Tryp Habana Libre” зочид буудалд байгуулжээ.


