Нийслэлд 27 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна. Үүнээс гадна гэр хорооллын олон мянган айлд цахилгаан зууханд цайгаа чанаж уух гэсэн хүсэл бий. Тиймээс Төрийн орон сууцны корпорац (ТОСК) зах зээлийн үнээс хямд, түрээсийн орон сууцыг нийслэлийн иргэдэд санал болгож буй юм.
ТОСК түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн материалыг өчигдрөөс хүлээн авч эхэллээ. Ингэхдээ энэ сарын 21, 22-нд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, 23, 24-нд энэ оноос өмнө гэр бүлээ батлуулсан 35 хүртэлх насны хос гэх мэтчлэн хуваарийн дагуу бүртгэх юм.
Өчигдрийн хувьд ахмадууд бүрдүүлсэн материалаа өгөхийн тулд шөнийн 02.00 цагаас эхлэн дугаарласан гэнэ. Биднийг 11.00 цагийн үед ТОСК-ын байрны үүдэнд очиход ар араасаа дугаарласан хоёр гурван эгнээ үүсээд байв. Мөн зарим нэг нь дараалал алгасан, урдуур дайрах гэж зүтгэснээс болж маргаан дэгдэв.
Зарим хүн “Шөнө ирчихээд дөнгөж сая л материалаа өглөө” хэмээн ярьж байлаа. Эндээс харахад түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй маш олон хүн байгаа аж.
Маргаашаас залуу хос, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн алба хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд бүртгүүлэх иргэдийн уртаас урт дараалал үүсэх бололтой. Харамсалтай нь өргөдлөө өгсөн хүн бүр тохилог, дулаан байранд орох боломж одоогоор алга.
ТОСК эхний ээлжинд 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар тогтсон. Тиймээс бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулж, тодруулах юм. Харин хожих магадлал 20 хүнд нэг, эсвэл түүнээс ч бага байх болов уу. ТОСК-ын байрны нэгдүгээр давхарт нэг, нэг хавтас барьж, сугавчилсан олон буурай энд тэндгүй хөлхөнө.
Заримынх нь бүрдүүлсэн материал дутуу гэдэг шалтгаанаар улирч, “Маргааш дахин ирнэ үү, дараалал харгалзахгүй үйлчилнэ” гэсэн хариу аваад, уруу царайлан буцаж харагдав. Хамтран түрээслэгч, эсвэл үр, ач нарынхаа хэн нэгнээр баталгаа гаргуулах шаардлагатай тул хэд хэдэн нэмэлт материал шаардаж буй аж.
Үүнээс гадна тэтгэврийн зээлтэй, аль нэг арилжааны банкинд өр төлбөртэйгөөс орлого нь хүрэхгүй бол мөн л хасагдаж байна лээ. Байр түрээслэх өрхийн орлого дор хаяж 600-700 мянган төгрөг байх ёстой. Тиймээс энэ босгыг давж чадахгүй хүн ч нэлээд гарав. Ямартай ч түрээслэх орон сууц цөөн ч азаа үзэх хүн олон байгаа аж.
Энэ үеэр тус ТОСК ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийг яаж сонгох вэ?
-Одоогоор иргэд материалаа манайд өгч байна. Ингээд шаардлага хангасан иргэд дунд сугалаа явуулна.
-350 өрх түрээсийн орон сууцанд орох боломж бий. Цаашид нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байна вэ?
-Засгийн газрын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын 30 нь ашиглалтад орсон.
Үлдсэн хэсгийн барилга угсралтын ажил дууссан. Одоогоор гадаад болон дотоод засал чимэглэлийн ажил хийж, энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад өгөхөөр зорьж байна.
-Сугалааг хэрхэн зохион байгуулах юм бол?
-Түрээсийн орон сууцанд орохоор хүсэлт гаргасан иргэдийн төлөөллөөс гадна ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яамныхныг оролцуулж, нээлттэй, ил тод явуулна.
-Орон сууц түрээслэх нөхцөлийг танилцуулаач?
-Сугалаагаар тодорсон иргэн байрны түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг дансанд байршуулна. Мөн нэг сарын түрээсийн төлбөрөө урьдчилж хийх ёстой. Ингээд орон сууцаа тав хүртэлх жилээр түрээсэлж болно.
Мөн энэ байранд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, бусдад түрээслэх хориотой. Үүнээс гадна төлбөрөө хоёр ба түүнээс дээш сараар хийгээгүй бол гэрээг цуцална.
-Сарын төлбөрийг хэзээ хийх вэ?
-Тухайн сарын тавны өдрөөс өмнө төлнө.
Н.САНЖАА