- Ганцын буудал орчмоос буусан үер Сансар хүртэл урсаж байна –
Хаврын тэнгэр олон ааштай гэдэг. Хэдхэн хоногийн өмнө цасаар шууран, зам даваа боогдож байсан бол өнөөдөр тийм зүйл огт болоогүй мэт налайж байна. Харин зам дагуу урсах ус л өнгөрсөн өвөл хэр их цас орсныг гэрчилнэ. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 10 хэм хүрч буй. Үүний улмаас шар усны үер нүүрлэлээ.
“Өнөөдөр” сонин энэ оны хоёрдугаар сарын 18-ны дугаартаа “Байгаль эх сэрэмжлүүлэхийг хүлээдэггүй” хэмээн шар усны үерийн талаар анхааруулсан ч тухайн үед Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн М.Балдандорж нарын албаны хүн “Шар усны үер дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 15-ны хооронд буудаг. Үерийн далан, ус зайлуулах байгууламжуудыг гуравдугаар сарын 10- наас үзэж шалган, засаж эхэлнэ.
Гуравдугаар сарын 10-наас нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаар үзлэг шалгалт зохион байгуулж эхэлдэг” гэснийг http://mongolnews.mn/1sqr холбоосоор үзэж болно. Хотын захирагч өчигдөр л нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Далан, шуудуу цэвэрлэ. Шар усны үерээс сэрэмжлүүл” гэж лүндэгнэв. Гэвч энэ нь ниргэсэн хойно нь хашгирсан хэрэг байлаа.
Албаны хүмүүсийг алгуурлаж байх зуур шар усны үер бууж, энэ сарын 17-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутагт байрлах 300 айл усанд автсан. Байгаль эх сэрэмжлүүлэхийг үнэхээр хүлээсэнгүй.

Хүмүүс гэртээ орох боломжгүй болсон учир нийслэл болон дүүргийн удирдлагууд тэр орчмын усыг соруулж, тогтох магадлалтай газарт дайрга асгав. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Долоон буудал, Дарь-Эх, Баянхошуу зэрэг газарт шар усны үер буужээ. Уулнаас буусан ус авто зам дагуу урсаж, зарим газарт замын хашлага давсныг иргэд ярилаа.
Өчигдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн XXI, XVII хороонд очиход зам дагуу ус урссан хэвээр байв. Тэндхийн оршин суугчид “Арга ядахдаа бид усны гутал өмсөж байна. Хүүхдийн хоолой өвдөх бий гэж айж байгаа ч энэ их ус, шалбааг дунд өөр яалтай ч билээ” хэмээн учирлав. Харин уул өөд хүн тээвэрлэдэг таксины жолооч нар “Энэ ус юу ч биш ээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хур буусан уу гэлтэй байлаа.
Үд дунд ус бүр ихэснэ. Тэр үед нь ирээд биднийг үнэн хэлсэн, эсэхийг харахгүй юу даа. Энэ замд ус зайлуулах хоолой байхгүй. Ганцын буудал орчмоос урссан ус Сансарын ШТС-аас наашаа эргэх уулзвар орчимд ирээд, зам дээр тогтчихдог. Ядаж усыг нь соруулахгүй юм. Үүнээс болоод зам эвдэрнэ шүү дээ” гэж ярилаа.
Үерийн ус замдаа таарсан хог, сул шороо, чулууг хаман, авто зам дээр овоолжээ. Энэ чулуун дээгүүр машин гарахад л зам хагарна. Бас асфальт усанд идэгдэнэ. Ус зайлуулах хоолой хийгээгүй замын компани, далангаа хогоор тагласан иргэдийн буруугаас бохир ус Дарь-Эх орчмын авто зам, айлуудын хашаан дундуур урссаар байна.
Харин Баянхошуу, Долоон буудал орчимд урсаж ирсэн үерийн ус багасаж, шалбааг болжээ. Гэхдээ уулын цас бүрэн хайлж дуусаагүй учир одоогийнхоос илүү дулаарвал дахин үер бууж магадгүй гэж түгшсэн хүн олон таарлаа.
ДАРЬ-ЭХИЙН ЗАМД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн далан сувгийн инженер Ч.Цэнхэрцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Шар усны үер буугаад эхэлчихлээ. Танай нэгтгэл ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс, битүүрсэн сувгуудыг цэвэрлэж байна. Тухайлбал, хүндрэлтэй нөхцөл үүсээд буй Дэнжийн мянгын нэг, гурав болон Толгойт сувгийг цэвэрлэж байна.
-Дарь-Эх орчимд ус зайлуулах суваг бий юү. Тэнд өнгөрсөн амралтын өдрөөс шар усны үер буулаа.
-Ганцын буудал орчимд уулнаас ус орж ирдэг. Гэвч тэнд ус зайлуулах шугам байхгүй учир ус авто зам руу урсдаг. Тэгэхээр ус зайлуулах шугам хийх зайлшгүй шаардлага бий. Эсвэл зам хөндлөн гаргуурууд (шуудуу)хийх нь зүйтэй.
-Зам дээр тогтчихсон усыг соруулахгүй юм уу?
-Манай салбарууд ажлаа хуваарилж авдаг болохоор усыг соруулах, эсэхийг мэдэхгүй байна. Ус соруулдаг машин зүүн, баруун салбарт тус бүр гурав бий. Одоогоор хүнд байдалтай газруудын усыг соруулж эхэлсэн.
-Далан, сувгийг жилд хэдэн удаа цэвэрлэдэг юм бэ?
-Манай нэгтгэл жилд нэг л удаа үерийн далан, сувгийг цэвэрлэх төсөвтэй байдаг. Үүнийхээ дагуу цэвэрлэгээ хийж, хороонд нь хүлээлгэж өгдөг.
-Баянхошуу, Толгойтын иргэд үерийн далан руу хог хийснээс болж битүүрсэн гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Уулнаас буусан ус жалга, сайраар дамжиж далан, суваг руу орохдоо лаг үүсгэдэг. Түүнийг нь зайлуулсны дараа үерийн далан хэвийн ажиллаж байх ёстой. Гэтэл хүмүүс үерийн далан руу хогоо хийж байна. Уг нь далан, сувгаас 10 метр зайд айл байх ёсгүй атал эсэргээрээ далан, суваг руу тулгаад гэрээ барьчихдаг.
Үүнээс үүдээд ахуйн хог хаягдал даланг дүүргэдэг. Үүнд дүүрэг, хороодын алба хаагчдын хайнга байдал ч нөлөөлж буй. Хог хаягдлын тухай хуулиар дүүрэг, хороо нутаг дэвсгэртээ байгаа далан, сувагт ахуйн хог үүсгэхгүй байх үүрэгтэй.
Ер нь нийслэлийн далан, сувгийн дийлэнх нь хуучных. Үүнээс болоод иргэд далан сувгийг зориулалтын бусаар ашиглаж байна.
Г.ЦЭЦЭГ