Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тус тус тэмдэглэхээр болжээ.
Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, өөрөөр хэлбэл бараг бүх ажлын байранд ус хэрэглэж, тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Гэтэл тэдгээр устай холбоотой ажил эрхэлдэг сая сая хүмүүсийг огт анзаардаггүй буюу тэдний хөдөлмөрлөх үндсэн эрх зөрчигдсөөр л байна. Энэ жилийн урианы гол санаа нь чанартай, хүрэлцээтэй усан хангамж нь хэрхэн тэрхүү ажиллагсдын амьдрал, амьжиргааг өөрчилж улмаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд ч эерэгээр нөлөөлөхийг ойлгох ёстой юм.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.
Гэтэл энэ салбарт ажиллагсдын дундаж цалин улсын дунджаас доогуур буюу 480 мянган төгрөг байна. Тиймээс усны үйлчилгээний салбарт ажиллагсдын нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлууд тавигдаж байгаа ажээ.
Зохицуулах зөвлөл байгуулагдсан цагаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллаж шат дараатайгаар ажлын байрны нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дунджид ойртуулах талаар дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Үүний үр дүнд ч хэрэглэгчдэд хүрэх усны үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсээр байна.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай билээ.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.
Ус хэмнэх энгийн аргууд:
- Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай.
- Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл. - Стаканд ус хийж аваад шүдээ угаах
- Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
- Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
- Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
- Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
- Ус дусалж байгаа крантуудыг хаах
Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны дүнд усны харилцаанд эрх зүйн шинэчлэл хийснээр, ус ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх тодорхой ахиц гарч байна.