НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар Нийтийн эрхийг хамгаалах холбооны өмгөөлөгчид болон Жижиг дунд бизнес эрхлэгчдэд мэдээлэл хийлээ.
Тус холбоонд нийслэлийн зургаан дүүргийн 8000 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг эсэргүүцэж, зарим зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулахыг, мөн эрх ашгийг нь хамгаалж өгөхийг хүссэн учраас ийнхүү мэдэгдэл гаргаж буй аж.
Тодруулбал, энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах чадвар муу, амжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд ширхэгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийн бүрдүүлж байгаа аж.
Өмгөөлөгч Г.Батбаяр “Шинэ хуулинд хувь иргэн гэсэн заалт оруулж ирсэн нь тэр чигээрээ дарамт болж байна. Хуулийн зүйл заалт ямар хортой вэ гэхээр 5000 үс заслаа гэхэд 500 төгрөгийн татвар төлдөг. Энэ мөнгийг үсчин үйлчлүүлэгчээс гаргахаас өөр хаанаас гаргах уу, тэгээд л үнэ ханш нэмэгдээд явах жишээний үр дагавартай. Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д заасан заалтыг эргээд харах ёстой. Энэ хууль нь жижиг, худалдаа наймаа, бизнес эрхлэгчдэд хүнд тусч байна. Түүнчлэн татварын буцаан олголт, сугалаагаар азтан болгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар илүү татвар хурааж, ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. Мөн жижиг бизнес эрхлэгчдэд бүр илүү дарамт учруулж байгаа. НӨАТ-тай бараа худалдан авч байгаа учраас барааны үнэ өсч, ард түмнийг бүхэлд нь хохироож байна. Тиймээс НӨАТ-ын 18.1.8-д заасан хувь хүн, иргэн гэсэн заалтыг өөрчилж өгөхийг хүсч, ард түмнээс уриалга гаргаж байна"гэв.
Энэ үеэр БЗД-ийн 8 дугаар хорооны иргэн Д.Дэлгэрэх “Би найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Кассын машин ав, авахгүй бол дэлгүүрийн үйл ажиллагааг зогсооно гэж дарамталж байна. Би тэр машиныг нь авахгүй, угаасаа шахааны бизнес. Үнэндээ татварын нөхөн олголт, сугалаа нэрээр иргэдийн тархийг угааж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, татварын мөнгө шоуны мөнгө болчихоод байна. Татварын мөнгөөр төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгө гэх мэт зэргийг өгөх ёстой байтал сугалаа хэлбэрээр иргэдийг шулж болохгүй. Шинэ хууль санаачилсан нөхдүүд цаашлаад Засгийн газрын буруу бодлого яваад байгаад харамсч байна" гэлээ.