АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Кубын удирдагч Рауль Кастро нарын уулзалтын үеэр Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазтай холбоотой сэдэв хөндөгдсөн боловч АНУ-ын эрх баригчид энэ асуудлыг хэлэлцэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

Кубын засгийн газар тус арал дахь АНУ-ын оролцоо Куба улсын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна гэж үзэж байна. Гэвч АНУ улс одоогоор Гуантанамогийн шоронг хаах төлөвлөгөөнд гол анхаарлаа хандуулж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ хэлсэн байна. Гэхдээ Гаванагийн төлөөлөгчид энэ асуудлыг дахин хөндөх нь мэдээжийн хэрэг ажээ.

15 жилийн өмнө Аль-Кайда бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эхлүүлэхдээ байгуулсан энэхүү шоронг хаах тухай төлөвлөгөөг Обама танилцуулаад байгаа билээ. Пентагоны урьдчилан тооцоолсноор тусгай объектыг татан буулгахад болон хоригдлуудыг өөр шоронд шилжүүлэхэд 290-475 сая доллар зарцуулна гэжээ.
