Нэг бүсгүйг өглөө босоход нь аймшигт вирус тархаж, хотынх нь иргэд зомби болчихсон байдаг киног та санаж байна уу. Байшингаасаа гарахад нь цусаа гоожуулсан аймаар төрхтэй, салгалж, гуйвсан хүмүүс гудамжаар хөлхөлдөж байдаг даа. Үүнтэй нэлээд төстэй, цус нөжөө гоожуулсан, гуйвж дайвсан хүмүүс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хотын гудамжаар “салгалцгааж” байв.
Тэр шөнийн дүр зургийг хараад дээрх аймшгийн кино өөрийн эрхгүй санагдсан шүү. Эрхэм уншигч та ч бас тэр шөнө гудамжаар явсан бол яг тийм сэтгэгдэл төрөх байсан гэдэгт итгэлтэй байна. Бид баасан гариг, цэргийн гээд давхар баяр тохиосон тэр өдрийг сонгон, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэнтэй сурвалжилга хийсэн юм. Оройн 21.00 цаг болоогүй байхад нийслэлийн бүх дүүргийн эрүүлжүүлэх байр пиг дүүрсэн гэнэ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хамгийн ихээр бүртгэгдсэн дуудлага нь согтуудаа танхайрч байгаа болон гэр бүлийн хүчирхийллийнх. Бид 21.00 цагт “Манай нөхөр хутга барьж дайраад, намайг, өөрийгөө ална гээд байна” гэх эхний дуудлагаар очлоо.
Нэгдүгээр хорооллын II байранд оршин суудаг иргэн Б эхнэр У-даа агсам тавьж байв. Үнсэн саарал царайтай, өрөөсөн чихэндээ ээмэгтэй залуу өөрийгөө хэд хэдэн удаа хутгаар хатгаад авчээ. Азаар гэмтээгүй аж. Хоёр нас хүрсэн болов уу гэмээр охин нь чанга дуунаас нь бондгос хийтэл цочиж, хоёр өрөөнийхөө хооронд гүйж байгаа нь өрөвдмөөр байлаа. Б “Энэ хүүхэн өөр хүнтэй явалдаад байхад би тэгээд яах юм бэ” гэж шүлсээ үсчүүлэн хашгирч байв.
Харин эхнэр нь “Энэ хүн өмнө нь хэд хэдэн удаа ингэж агсам тавьж байсан ч арай ингэж хутга шөвөгтөө тулдаггүй байсан юм. Өнөөдөр дийлэхээ байгаад цагдаа дуудлаа” гэв. Тэдний ярианаас үзвэл эхнэрийнх нь дүү, наймдугаар ангийн хүү гэрт нь ирснээс болж ийм хэрүүл дэгджээ.
Цагдаа нар түүнийг хэлтэс рүүгээ авч явахаар хүлээж байх зуурт эхнэр нь нөхрийнхөө хувцсыг өмсүүлж өгөв. Өөрөө хувцсаа өмсөхгүй мөртлөө эхнэрээ хажуугаар нь зөрөхийн зуурт цохиод авах юм. Нөхөр нь “Манай хадмууд намайг байнга дээрэлхэж, хүссэн цагтаа манайд ирдэг” гэж цагдаад гомдоллов.
Сонгинохайрхан дүүргийн хамгийн олон хүн цугладаг газар бол “Саппоро” үйлчилгээний төв орчим. Тэнд архидалт, хулгай, дээрэм, танхай, бие үнэлэлт гээд нийгмийн хамаг л муу муухай бүхэн цогцолсон гэдэг. Гэхдээ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тус Цагдаагийн хэлтэс “Саппоро”-гийн автобусны буудлын дэргэд хөдөлгөөнт хяналтын цэг ажиллуулж эхэлснээс хойш гэмт хэрэг багассан гэнэ.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн Хэв журмын тасгийн ахлах байцаагч, ахмад Б.Өсөхбаяр “2015 онд “Саппоро” үйлчилгээний төв орчимд 200 гаруй биеэ үнэлэгч бий гэх судалгаа гарсан. Тэднийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 7-30 хоног баривчлуулсан. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 25 сая төгрөгийн санхүүжилтээр тэр хэсэгт 2016 оны эхнээс хөдөлгөөнт хяналтын цэг ажиллуулж эхэлсэн.

Тэнд цагдаагийн алба хаагчид 24 цагаар жижүүрлэн ажилладаг. Тэр пост мэдээллийн нэгдсэн сүлжээ, хяналтын камертай. 2016 оны эхний хоёр сард гарсан гэмт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувь багассан. Биеэ үнэлэгчид ч цөөрсөн. Он гарсаар тэнд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг шүүхээр баривчлуулсан байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 оны зургадугаар сарын 11-нд өөрчлөлт орж, нийслэлийн Засаг даргын захирамжаар шөнийн цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллах болсон нь гэмт хэрэг гарахад маш их нөлөөлж буй. Хэдийгээр гэмт хэргийн тоо цөөрч байгаа ч согтуугаар үйлдсэн хэрэг багасахгүй байна” гэж ярив.
Тус хэлтэс Сонгинохайрхан дүүргийн 10 хороог хариуцан ажилладаг гэнэ. Хамгийн сүүлд гаргасан мэдээгээр 67 мянган хүн амтай ч согтууруулах ундаагаар үйлчилдэг 200 гаруй уушийн газартай. Олон хүн амтай, газар нутаг томтой хэр нь гэрэлтүүлэг муутай юм. Зэргэлдээ орших Баянгол дүүрэгтэй харьцуулахад л харанхуй гэдэг нь илт харагдаж байв. “Удахгүй гэрэлтүүлэг сайжирна гэсэн” хэмээн тус хэлтсийн алба хаагчид найдаж сууна.
“Энэ хүнийг ар гэрийнхэн нь архины албадан эмчилгээнд явуулмаар байна гэнэ ээ” гэсээр нэг эмэгтэйг оруулж ирлээ. Түүнийг харсан мөрдөн байцаагч “Ишш, М минь дээ. Чи чинь хүнтэй сууж, хүүхэдтэй болоод эндээс яваад, сайхан амьдарч байгаа гэсэн биз дээ. Яагаад буцаад ирэв ээ” гэх юм. 30 нас шүргэж буй тэр бүсгүй архинд толгойгоо мэдүүлснээс нүд халтирам царай төрхтэй болжээ.
Мөрдөн байцаагч түүнийг сандал зааж суулгаад өөр нэгэн архичныг байцааж байх хооронд нөгөө эмэгтэй гарч зугтахаар оролдов. Хөндлөнгөөс харж суусан бидэнд түүний үйл хөдлөл, ярьж буй бүхэн нь инээдтэй ч бас эмгэнэлтэй байлаа. Халааснаасаа юу ч юм нэг зүйл гаргаж ирээд зулгаан идэж буй тэр эмэгтэй бие давхар ажээ. Архи уухдаа хэвлий дэх хүүхдээ бодоогүй байж, Цагдаагийн хэлтэст ирснийхээ дараа “Жирэмсэн болох чинь аягүй хэцүү юм байна. Шээмээр байна ш дээ” гэж уйлагнах юм.
Түүнийг ийн элдвээр аяглаж байх зуур нэгэн хүн орж ирээд М-ийн хажууд суув. Ар гэрийнхэндээ агсам тавьж, өөрийгөө боомилон амиа хорлохыг завдсан тэр эрийг М-тэй харьцуулахад хувцас, хунар нь арай л дээр юм. Гэтэл нөгөө жирэмсэн эмэгтэй түүний өрөөсөн бөөрөнд очоод наалдчихав. Хэн нэгэн рүү гар утсаараа залгаад өгөөч хэмээн гуйж байгаа бололтой. Гэвч удалгүй М нөгөө залуугийнхаа халаасыг ухаж эхлэв. Ерөөс гар нь өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийдэг бололтой.

Уг нь М-ийг тойроод олон мөрдөн байцаагч сууж буй. Бодвол М хаана байгаагаа мартсан биз. Харин нөгөө амиа хорлохыг завдагч эр “Зүгээр бай л даа. Наана чинь юу ч байхгүй. Байцаагч аа, би өөр газар сууя, тэгэх үү. Энэ чинь миний халаасыг ухаад байна” гэхээр М “Яагаад байгаа юм бэ” хэмээн нудраад, намжирдах ажээ.
Хадмуудаа үзэж чаддаггүй залуу Б энд хүргэгдэн ирлээ. Түүнтэй адил эхнэртээ агсам тавьж, эр бяраа гайхуулсан таван хүн нэг дор суув. Тэднийгээ манлайлах Б хэрэндээ ухуулга хийж байв. “Ер нь бидэнд буруу байдаггүй ш дээ. Эхнэрүүдээс л хамаг юм болдог тийм ээ. Танай хадмууд яаж байна. Манайх бол зэвүүн шүү дээ. Эхнэрүүд ийм өөдгүй байхгүй юу. Одоо хэдүүлээ энэ байцаагчид хэлье. Уг нь эхнэрүүд энд байх ёстой байхгүй юу. Би ер нь мөнгөтэй байж, энд юу хийгээд байгаа юм бол оо. Хөөе байцаагч аа, би ер нь явъя аа” гэж оройжин хэл ам татлав.
Нэгдүгээр хорооллын арын зам дагуу “даам гарсан” хэдэн дэн буудал бий. Өрөөнүүд нь орноос өөр тавилга багтахааргүй умгар аж. Тэнд ажиллаж буй угтагч нар бүгд шинэ орсон хүмүүс гэж өөрсдийгөө танилцуулав (Юу ч мэддэггүй хүн болж мэлзэхэд амар байдаг бололтой). Тэр буудлууд дунд тусгай зөвшөөрөлтэй газар нэг ч байсангүй. Дарга нар нь аваад явчихдаг гэнэ.
Үе үе цагдаагийн байгууллагаас нэгдсэн арга хэмжээ зохиож, бүгдийг нь хаадаг ч эргээд л ажиллаад эхэлдэг гэнэ. Өрөө болгонд нь хүмүүс архидан согтуурч байлаа. Тэднээс нэгийг онцлон дурдъя. Хамгийн “ахмад” нь 19 настай охин, бусад нь 17, 18 настай охид, хөвгүүд. Тэд бүгд цоо эрүүл биш байв. Толгойлж яваа охины хэлж буйгаар найз хөвгүүдээ баярлуулж байгаа ажээ. Ингэж зочид буудалд баярлуулах нь тэднийхээр хэвийн үзэгдэл гэнэ.

Тэдгээр дэн буудлын дэргэд “Өнөр” төв хэмээх найман нэрийн дэлгүүр бий. Тэр дэлгүүрийн худалдагч 00.00 цагаас хойш архи худалдсан байв. Түүнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оноолоо. Зочид буудал, баар, дэлгүүрээс гарсан 10 гаруй залуу гудамжинд маргалдан, зодолдож байв. Тэд цагдаа хараад гар нь загатнав бололтой, үзэлцээд амжив. Бүгдийг нь хэлтэст аваачиж саатуулахаар боллоо. Гэвч саатуулах байранд зай завсар алга байв.
“Машины арын гурвалжин шил хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага ирлээ. Үүний дагуу цагдаагийнхныг очиход “Найз охиндоо эм оруулж өгөөд 20 минутын дараа ирэхэд “Гранд марк-II” машинд маань хулгайч орсон байна” гэсээр нэг залуу биднийг угтлаа. Гэтэл түүний машинаас хэдхэн метрийн зайнд яг тийм машиныг ижил аргаар тоносон байв.
Тус дүүрэгт дээрхийн адил автомашин тонох, орон байрны хулгайн гэмт хэрэг гарах нь элбэг гэнэ. Эзэнгүй байгаа айлын хаалганы цоож, вакум цонхыг нь эвдэн орж, LCD зурагт хулгайлдаг этгээдийг тус хэлтсийн алба хаагч нар баривчилжээ. Иргэн С 26 настай. Тэрбээр гэр бүлгүй, ганцаар тэнүүчлэн амьдардаг. С-ийн мэдүүлж буйгаар 2013 оноос хойш тус дүүргийн 23, 31 дүгээр хорооны айлуудыг судалж байгаад, өдрийн 11-16 цагийн хооронд гэмт санаагаа хэрэгжүүлдэг гэнэ.

Тэр ихэвчлэн авч явахад хялбар, овор багатай эд зүйл болон LCD зурагт хулгайлан, ломбарданд тавьж, мөнгөө зочид буудал, биеэ үнэлэгч, архинд зарцуулдаг байжээ. Ломбарданд юм тавихдаа ойр орчимд нь байсан өвгөнтийн гэх хүмүүст архи, мөнгө өгч байгаад бичиг баримтыг нь авч ашигладаг байсан гэнэ.
Энэ талаар тус хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч М.Шийрэвнямба “Сонгинохайрхан дүүргийн 23, 31 дүгээр хорооны орчмоос эд зүйлээ алдсан иргэд Цагдаагийн III хэлтэст хандах боломжтой. Одоогоор таван хохирогчийн эд зүйлийг буцааж өгсөн. Одоо С-ийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Харин түүний хамсаатан этгээдүүд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн хулгайн гэмт хэргээр шалгагдаж байгаа” хэмээн ярив.

Бид 03.00 цагийн үед “Саппоро” үйлчилгээний төвийн дэргэдэх хөдөлгөөнт хяналтын цэгт очлоо. Хөлчүү хүмүүсийн хөл татраагүй байв. Энэ шөнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэс 150 дуудлага, мэдээлэлтэй хоножээ. Үүнээс 133 нь согтуу хүн агсам тавьсан тухай байж.
Зөвхөн нэг хэлтэст ийм олон хүн хандсан байна. Бид сурвалжилгаа дуусгаад буцах замдаа Энхтайвны өргөн чөлөөний хоёр талаар согтуу хүмүүс ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ хөлхөлдөж, зарим нь гудамжинд тасраад унасан байхтай хэд хэдэн удаа таарсан. Энэ шөнө манай хот яг л зомбинуудаар дүүрсэн юм шиг байлаа.
Х.АЗЖАРГАЛ