"Тэсо" корпораци өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод төлөөлөгчийн газраа нээжээ. Энэ талаар мэдээлэл авахаар тус корпорацийн хэвлэл мэдээллийн ажилтан Бэгзсүрэнтэй холбогдлоо.
-Одоогоор урд хөрш рүү ямар бүтээгдэхүүн экспортолж байгаа вэ?
-"100%" шүүс, "Vip" ус, "Лавшаа" гоймон болон "Golden Milk" сүүгээ экспортолж байгаа.
Төлөөлөгчийн газраа байгуулахаар өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн бэлтгэлээ базаасан.
-Танай бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчид хэр их сонирхож байна вэ?
-Өвөрмонголчуудын дунд манай бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг. Энэ байдлыг далимдуулан хүмүүс хувиараа хил давуулан зарж борлуулах, хуурамчаар дуурайлган хийж, урд хөршид зарах тохиолдол их гарах болсон. Тиймээс бид БНХАУ-ын хэрэглэгчдэдээ баталгаат бүтээгдэхүүн хүргэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээлээ. Ингэснээр тээвэрлэлт, хадгалалтын горимыг сахисан, аюулгүй, баталгаат бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хэрэглэгчид худалдан авах боломж бүрдэж буй юм. Цаашид Хөх хот, Шилийн голын өвөрмонголчууд төдийгүй хятад хэрэглэгчдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна.
-Цаашид өөр орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөө бий юү?
-Казакстан, Кыргызстанд хамтран ажилладаг байгууллагууд маань манай бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа.