Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулжээ.
Тодруулбал, 2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй юм. Үүнтэй холбогдуулан тус улс Монголын талын саналыг нааштай хүлээн авч монголчууд энэ оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.
Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.Түүнчлэн Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай аж.