Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай холбох гүүр болох, олон улсын стандартад нийцсэн дизайн шийдэл бүхий томоохон багтаамжтай цахим ертөнц өнөөдөр үүд хаалгаа нээлээ. “Websoft Mongolia” ХХК-иас санаачлан хэрэгжүүлж буй “United Mongolia” төслийн хүрээнд шинээр нээж буй www.unitedmongolia.com нэртэй тус сайт нь Монгол Улсын түүх, соёл, зан заншил, газар нутгийн байршлыг нийтлэхээс гадна улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны салбарын цогц мэдээллийг эх сурвалжид тулгуурлан олон нийтэд түгээх аж.
Энэхүү сайтын гол зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадаас хөрөнгө оруулагч хайж буй Монголын бизнес эрхлэгчдийг холбох бөгөөд давуу тал нь Монголыг сонирхсон хүн бүхэнд тухайн улсын хэлээр мэдээллээ түгээх юм.
Үүнээс гадна нэгдсэн аж ахуйн нэгдэл буюу www.company.unitedmongolia.com, нэгдсэн мэдээ мэдээллийн цонх буюу www.news.united.mongolia.com гэсэн нэмэлт цонхтой гэнэ.
Нэгдсэн аж ахуйн нэгдэлд нь дэлхийн шилдэг 500 компанийн мэдээллийг байршуулах юм байна. Иймд Монголын компаниуд тэдэнтэй холбоо тогтоох, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах боломж нээж өгч байгаа аж. Мөн Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын цогц мэдээллийг нэг дороос авах боломжоор хангана.
Харин www.news.united.mongolia.com сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болон шинээр баталж буй хууль тогтоомж, аялал жуулчлал, байгалийн баялаг, үндэсний томоохон компаниудын мэдээлэл багтана.
Дашрамд дурдахад, тус сайт англи, монгол, орос, хятад хэл дээр мэдээллээ түгээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ үеэр цаашид хамтран ажиллах хувь хүн албан байгууллагуудад олон шинэлэг санал дэвшүүлж байгаагаа дуулгалаа.