Монгол Улсын жуулчид энэ сараас Бүгд Найрамдах Индонез улс руу 30 хоног визгүй аялахаар боллоо. Манай иргэд Индонезийн хилээр нэвтрэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт, 30 хоногийн дотор буцах тийз, байрлах зочид буудлаа захиалан, төлбөрөө төлсөн хуудсаа үзүүлэх шаардлагатай.
Энэ нь зөвхөн аялагчдад олгож буй хөнгөлөлт тул жуулчлахаас өөр зорилгоор тус улсыг зорих иргэд виз авах ёстойг сануулъя. Жакартад манай улс 2014 онд ЭСЯ-аа байгуулсан. Түүнээс хойш ЭСЯ Индонез рүү визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсаа багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ.
Индонезийн тал энэ асуудлыг судлаад, Монголоос авах жуулчдын тоог нэмэх зорилгоор зөвшөөрсөн юм байна. 2014 онд Монголын 461 иргэн арлын энэ улсыг зүглэсний 76 нь аялах, 173 нь хувийн, 163 нь албан, тав нь ажиллах, 32 нь сурах, 12 нь бусад зорилгоор явсан бол өнгөрсөн жил 53 хүн виз авсны 27 нь аялах, 23 нь хувийн, гурав нь албан ажлаар зорьжээ.
Б.БАЯСАЛМАА