Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр “Нүүрс” хөтөлбөрийн гэх тодотголтой Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч нь түүнийг хорих ангиас авчирч, шүүх хуралд оролцуулах хүсэлтийг хурал эхлэх үед гаргасан ч шүүгч нар хүлээж авсангүй.
Дээрх гурван шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд, Б.Мөнгөнтуяад холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
Мөн Л.Гансүх нарт холбогдох хэргээс нүүрсний жингийн зөрүү, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал, тоног төхөөрөмжийн түрээсийн зардалтай холбоотой хохирол учруулсан гэх зарим үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх “Нүүрсний үнийн зөрүүнээс 1.7 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэснийг нэг тэрбум 130 гаруй сая төгрөг болгон өөрчилжээ.
Ингээд Л.Гансүхийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар хорих ял оноогоод байсан юм.
Харин шүүгдэгч Н.Даваахүүгийн төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасан, 15.3 сая төгрөгөөр торгох ял ногдуулж, цагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн хасаж, торгох ялын хэмжээг 6.9 сая төгрөгөөр тогтоожээ. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 19.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байсан билээ.
Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан гомдол гаргах болно хэмээн мэдэгдсэн юм.
Г.ОРЧЛОН