Монгол Улсын Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулж буй "Цэвэр нүүрсний технологи” семинар болж өнгөрсөн.
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ үеэр Монгол Улс нүүрсний салбарыг хөгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгааг онцлов. Түүнчлэн нүүрс боловсруулалтыг бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурал баталсан талаар тэмдэглэлээ. Нүүрсний үйлдвэрлэл нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг учир олборлолт, баяжуулалт, боловсруулалтын бүхий л үе шатанд тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх нь чухал болохыг Уул уурхайн сайд тэмдэглэн хэлэв.
Мөн Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Андо Харухико, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Кичүчи Минорү нар үг хэлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Семинарын эхэнд Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Байгалийн нөөц, эрчим хүчний агентлагийн Нүүрсний хэлтсийн дарга Какудо Такафүми "Япон улсын нүүрсний бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн Монгол Улсын Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн "Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлийг семинарын оролцогчдод танилцуулсан юм.