"Myanmar Times" сонинд “Ан Сан Су Чи Засгийн газарт дөрвөн сайдын албан тушаалыг хашна” гэж Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын ерөнхий нарийн бичгийн дарга Бин Тхейний мэдээлснийг онцлон тэмдэглэсэн байна. Ингэхийн тулд тэрбээр намын даргын ажлаа өгөхөөс өөр аргагүй болно гэжээ. Учир нь Мьянмар улсын Үндсэн хуульд заасны дагуу сайдын албан тушаалд томилогдсон хүн улс төрийн намын удирдах албан тушаалаас огцрох ёстой байдаг аж.
Нобелийн шагналт Ан Сан Су Чи засгийн газарт Гадаад хэргийн сайдын болон Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн мөн ерөнхийлөгчийн дэргэдэх нөлөө бүхий байгууллагын гишүүний алба хашна. Тус нөлөө бүхий байгууллагын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч болон хоёр дэд ерөнхийлөгч, парламентын танхимын дарга нар, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон нэг орлогч, Батлан хамгаалахын, Дотоод хэргийн болон Хил хамгаалахын сайд нар гэсэн 11 хүн багтдаг хэмээн тус сонинд бичжээ.
Ан Сан Су Чи сайд нарын шинэ танхимд Гадаад хэргийн сайдаас гадна, чухам ямар яамдыг тэргүүлэх нь тодорхойгүй байгаа ч Ерөнхийлөгчийн тамгын газрын сайдын алба хашиж магадгүй байгаа аж.