Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Улаанбаатар-Төмөр зам компанид шалгалт хийн гурван зөрчил илрүүлж шаардлага хүргүүлсний үндсэн дээр зөрчлөө арилгаж иргэд илүү таатай нөхцөлөөр зорчих боломжтой боллоо.
1. Зам, тээвэр аялал жуулчлалын сайдын 2008 оны 5 дугаар сарын 27-ы өдрийн 88 дугаар тушаалаар "Төмөр замаар зорчигч тээш, ачаа тээвэрлэх дүрэм"-ийн 2.12 дахь заалтаар тасалбараа хаяж гээсэн тохиолдолд үнийн дүнг дахин төлж шинэ тасалбар худалдан авдаг байсан бол ШӨХТГ-ын хүргүүлсэн шаардлагыг харгалзан үзэж бүх мэдээлэл бүртгэлийг цахим хэлбэрээр хийж дахин тасалбар авах шаардлагагүй болох аж.
2. Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалаар цагаан хэрэглэлийн үнэ, цайны үйлчилгээний төлбөрийг зорчигчийн зөвшөөрөлгүй авдаг байсан юм. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч явж байгаа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой байхад тасалбар худалдан авахдаа заавал үнийг төлдөг байсан билээ. Тэгвэл энэ нь "Өрсөлдөөний тухай хууль"-ийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тул иргэд хоёр сонголттой тасалбар худалдан авч болохоор болгосон аж.
- Үндсэн тасалбарын үнэ дээр цагаан хэрэглэл, цайны үйлчилгээний үнэ нэмж бичүүлэх
- Зөвхөн тасалбарын үнээ төлөөд цагаан хэрэглэл, цайгаа өөрсдөө бэлдэж явах гэсэн хоёр сонголтыг санал болгох юм.
3. Төлбөрийг бэлэн бусаар хийх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн Хаан банкийг сонгосон нь иргэдийн эрхийг хязгаарласан төдийгүй зөвхөн нэг банканд давуу байдал олгосон нь мөн хууль зөрчиж байгаа учраас дээрх зөрчлийг арилгаад байна.