Уул уурхайн сайд Р.Жигжидийн “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт дээр хэлсэн үг.
Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбооны санаачилга, Уул уурхайн яамны дэмжлэгтэйгээр“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт уламжлал болж энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулга уулзалтын зорилго, ач холбогдлыг бид манай геологчдийн тухайн жилд судалсан, илрүүлсэн нээлтүүдийг нийтэд дэлгэн танилцуулах, хөрөнгө оруулалтыг татах үндсэн арга хэмжээнээс гадна Монгол Улсын төр,Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулан харуулж байгаагаараа онцлог гэж үздэг билээ.
Монгол Улсын Уул уурхайн яам Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, улмаар 2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр Эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, салбарын ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж эргэн бүрдэж байна. Мөн тусгай зөвшөөрлийг дахин олгож эхэлснээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, цаашилбал Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах зэрэг чухал ач холбогдолтой болсон.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос Улсын төсөвт орох орлогын тодорхой хувийг сум, орон нутагт нь шууд хуваарилах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулах зохицуулалтыг 2015 оны 5 сард Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах замаар хийсэн. Ингэснээр орон нутаг илүү хурдацтай хөгжих боломж бүрдэж эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд учрах аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой болж байна.
Мөн Газрын тосны тухай хууль 2014 онд батлагдсантай холбогдуулан уг хуулийг дагалдан гарах Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварболон Байгаль орчныг хамгаалах болон орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний загвар, мөн түүнчлэн Газрын тосны баялгийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавигдах шаардлага зэрэг нийт 10 шахам заавар, журмуудыг боловсруулан батлуулаад байна.
Орон нутгийн хөгжил дэвшилд тодорхой ахиц гарах таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс “Эрдэс баялаг-2025” уулзалт, хэлэлцүүлгийг “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд энэ оны 2 дугаар сард зохион байгуулж төр, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой ойлголцол, шийдэлд хүрэх асуудлыг ярилцсан юм.
Та бүхэн мэдэж байгаа Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны гишүүнээр Монгол Улс 2014 онд элссэн нь Уул уурхайн яамнаас тодорхой бодлогоор зохион байгуулсан ажлын үр дүн билээ. Энэ нь Ази тивдээ анхдагч гишүүн орон болж 2015 оны 11 дүгээр сард Бразил улсад зохион байгуулсан ээлжит хуралдаанд анх удаа төлөөллөө оролцуулаа. Ингэснээр гадаад зах зээлээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, үндэсний мэргэжилтнүүдийг Олон улсын хэмжээнд ажиллах боломжийг ихээхэн нэмэгдүүлж байна.
Өнөөдөр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Сентерра Гоулд Монголиа, Зөөвч Овоо, Дулаан уулын ураны ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Арева, Мицубиши компанитай Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байна.
Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын орд, илрэлийг тогтоох, тэдгээрийн тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг түлхүү хөгжүүлж эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд 2015 онд 11.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар УИХ-аас баталсан. Эдийн засгийн хүндрэлтэй байдалтай уялдан санхүүжилт буурсан боловч 2016 онд 9.3 тэрбум төгрөгөөр батлуулан ажиллахаар болоод байна.
Олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ уналттай байсан хэдий ч 2015 онд 250 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь, экспортын орлогын 78.8 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.
Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндэсний геологийн алба байгуулах тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Ингээд Геологийн салбарын хөгжлийн түүхийг бүтээхэд хөдөлмөр зүтгэл, бие сэтгэлээрээ оролцсон хамт олон, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд үе үеийн геологичид Та бүхэндээ эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.