Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн 20 гаруй их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн байна. Уг зөвлөмжид ЕБС-ийн сурагчдын элсэлтийн шалгалт эхлэхээс өмнө удирдах зөвлөлөө хуралдуулж тухайн жилийн сургалтын төлбөрөө тогтоож, элсэн орох босго оноогоо олон нийтэд зарлах тухай санал дэвшүүлжээ. Ийнхүү элсэлт эхлэхээс өмнө босго оноо, сургалтын төлбөрийг мэдээлснээр:
1. ЕБС төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэл хүргэх
2. Суралтын төлбөр, сургуульд элсэн орох шалгуур хүн бүрт нээлттэй болох
3. Эцэг, эхчүүд болон суралцаж буй оюутнууд ирэх жилийн сургалтын төлбөрөө бэлдэх болож бүрдэх
4. Шинэ хичээлийн жил эхлэхэд оюутнуудад сургалтын төлбөрийн дарамт ирэх нь багасах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Өмнөх жилүүдэд сургалтын төлбөрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмдэг байсан ба энэ жил инфляцын өсөлтийн хэмжээ бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх боломжтой аж.
Зөвлөмжийг мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлэн хамтран ажиллахыг хүснэ гэж ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ.