Нийслэлийн өмчид бүртгэлтэй объектуудаас хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн ИТХ баталсан. Уг жагсаалтад хуулийн нэг этгээд, 19 өмч орсон бөгөөд хувьчлалаас нийслэлийн төсөвт 46 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.
Энэ шийдвэр гарсны дараагаар Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахыг олон хүн эсэргүүцэж, жагсаалтаас хасах нь зүйтэй хэмээж байлаа. Тиймээс холбогдох албаны хүмүүс тус төвийг хувьчлах хөрөнгийн жагсаалтаас хасах асуудлыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар өчигдөр хэлэлцүүллээ.
Ингэхдээ тус барилгатай хамт Соёлын төв өргөөний Г корпус, нийслэлийн ЗДТГ-ын харьяа спорт заалны барилгыг жагсаалтаас хасахаар оруулсныг тэргүүлэгчид дэмжив. Мөн хувьчлалаас төвлөрүүлэх орлогыг өмч хасагдсан шалтгаанаар багасгахгүй байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын эх сурвалж “Жагсаалтаас хассан гурван барилгын хувьчлалаас нийслэлийн төсөвт гурван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр энэ онд 43 тэрбум төгрөг төвлөрүүлэх болчихоод байгаа юм.
Гэвч тэргүүлэгчид төлөвлөгөө ёсоор 46 тэрбум төгрөг төвлөрүүл, хасагдсан барилгын мөнгийг бусад өмчийн хувьчлалаас нөх гэсэн даалгавар өглөө” гэв. Ингэснээр энэ онд нийслэлийн өмчөөс хуулийн нэг этгээд, 16 өмчийг хувьчлахаар боллоо.
Г.ЦЭЦЭГ
