Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос хяналтын камераар торгуулийн хуудас хүргэх нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгосон талаар тодрууллаа.
-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолыг ямар шалтгаанаар хүчингүй болгож байгаа юм бэ?
-2013 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн, тээврийн хэрэгслийн зөрчлийг камераар илрүүлж, гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас хүргэдэг болсон. Өмнө нь энэ асуудлыг хуульд тусгаагүй учир нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээр 80 дугаар тогтоол гаргуулсан. Харин 2015 оны долдугаар сард УИХ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
Ингээд тухайн оны есдүгээр сарын 1-нээс уг хуулийг мөрдөж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10, 20, 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж уг хуульд заасан. Улмаар Хууль зүйн сайд тус хуультай холбоотой 20 орчим журам баталсан.
Тэдний нэг болох “Бэлэн бус торгууль ногдуулах журам”-д дүрэм зөрчсөн жолоочид торгуулийг ямар хэлбэрээр ногдуулахыг тодорхой болгож өгсөн. Ингээд шинэчилсэн хууль, журам мөрдөгдөж эхэлсэн тул ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол эрх зүйн чадамжгүй болсон юм. Тиймээс өчигдөр (уржигдар) хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон гэсэн ёсолгоо л хийсэн гэсэн үг.
-Тэгвэл жолооч нар есдүгээр сарын 1-нээс хойш хүргэгдсэн торгуулийг төлнө гэсэн үг үү. Үгүй юү?
-Төлнө. Тэргүүлэгчдийн баталсан тогтоол хүчингүй боллоо гээд өнөөдөр хүргэгдэж буй торгуулийн хуудсыг хүчингүй гэх үндэслэлгүй. Өмнө нь бид 5000, 8000, 10.000 төгрөгийн торгуулийн хуудас хүргэдэг байсан бол өнөөдөр 19.200 төгрөгийн торгуулийн хуудас хүргэж буй. Ингэхдээ торгуулийн мэдэгдэх хуудас дээр Хууль зүйн сайдын тушаалыг дурдаж байгаа.
-Тэргүүлэгчдийн тогтоолыг эрх зүйн чадамжгүй болсон даруйд хүчингүй болгож болоогүй юм уу. Камераар зөрчил илрүүлж, торгох журам цуцлагдсан учир төлөхгүй байж болно гэсэн ойлголтын зөрүүтэй асуудал үүсээд байна.
-Өршөөлийн хуулиар жолооч нарын торгуулийг өршөөж, жолооны эрхийг нь сэргээж өгсөн. Гэхдээ Хууль зүйн сайд, ЦЕГ-аас бичигдсэн торгуулийг хэрэгжүүлэх хугацаа заасан шийдвэр ирээгүй учир бид долдугаар сарын 1-нээс өмнөх торгуулийг хүчингүй болгосон. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх торгуулийг жолооч нар төлнө.
Харин тухайн өдрөөс хойш 5000-10.000 төгрөгийн торгуулийн хуудас хүргэгдээгүй. Зарим хүн “Камераар илрүүлсэн зөрчилд тулгуурлаж торгохгүй” гэсэн мэдээлэл тарааснаас л ийм байдал үүссэн.
Г.ЦЭЦЭГ