Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар цолтой ажиллаж байсан Э.Амарбат 14 жилийн дараа прокурорын байгууллагадаа буцаж очжээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдон, өчигдөр шинэ албан тушаалдаа ирсэн гэнэ.
Хуулийн сургууль төгсөөд прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн тэрбээр 2002 оны есдүгээр сард Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн баталсны дараа Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулахад дэд даргаар нь ажиллаж байв. Улмаар 2007 оны гуравдугаар сард АТГ байгуулагдахад Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллах болсон юм.
Хэсэгхэн хугацаанд тушаал буурч үзсэн тэрбээр прокурорын байгууллага руу буцаж очихоосоо өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан агаад өөрийн хүсэлтээр прокурорын байгууллагад эргэн очиж байгаа талаар УЕПГ-ын эх сурвалжууд мэдээллээ.
Э.Амарбат 2015 оны хавар зарласан Нийслэлийн прокурорын албан тушаалд нэрээ дэвшүүлж байсан нь прокурорын байгууллагадаа буцаж очих хүсэлтэйг нь илэрхийлсэн гэхэд нэг их буруудахгүй гэх хүн ч байна.
Г.ЦОЛМОН