Манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд цахим орчинд үл таних хүмүүст их хэмжээний мөнгө залилуулах нь олширчээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн харьяат Б 56 сая төгрөгтэй тэнцэх валютыг Европын холбооны төлөөлөгч, өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан гадаадын үл таних иргэнд залилуулсан байна.
Валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөх сайтад бүртгүүлсэн иргэн Г гар утсаар холбогдсон Оросын иргэн Павел Марков гэгчид 233 мянган ам.доллар шилжүүлэн хохирчээ. Түүнчлэн АНУ-ын иргэн гэж өөрийгөө танилцуулсан Али Ариф гэгчтэй цахим хаягаар манай иргэн Н танилцсан байна. Али Ариф түүнд гэрлэх санал тавьсны дагуу хамтран ажиллахаар харилцан тохиролцсон гэнэ.
Улмаар Гана улсын UBA банкаар 21 мянган ам.доллар шилжүүлсэн аж. Мөн манай улсын иргэн А фэйсбүүкээр танилцсан үл таних хүндээ 16 мянган ам.доллар залилуулжээ. Үүнээс гадна нэр бүхий хэд хэдэн компанийнхан бараа бүтээгдэхүүн захиалахаар хуурамч онлайн дэлгүүрүүдэд хандан, их хэмжээний мөнгө залилуулсан хэргийг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй юм.
Тэдний нэг нь л гэхэд 25 сая 700 мянган ам.доллароор хохирчээ. Манай улсын иргэд гадаадын үл таних хүнтэй чат, фэйсбүүк, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой байж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг дээрх хэлтсээс анхаарууллаа.
Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж, их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна хэмээн иргэдийг залилдаг байсан Д.Олонцоож гэгчийг МБГ-ын ажилтнууд саатуулжээ. Тэрбээр өөрийгөө Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр танилцуулдаг байсан гэнэ. Бусдын итгэлийг олохын тулд ачааны машин хөлсөлж, захуудаар явж бараа ачуулдаг байж.
Ачиж байх хооронд худалдагчид “Өөр лангуунаас бараа авч байна. Мөнгөтэй хүн маань ирж явна. Түр мөнгө өгч байгаач” хэмээн залилдаг байжээ. Мөн барааг нь ачиж байсан ачааны машины жолоочид дээрхийн адил худал хэлж мөнгө авдаг байсан аж. Сэжигтэн өмнө нь ял шийтгүүлж байгаагүй ч гурван удаа гэмт хэрэгт сэрдэгдэн, эрэн сурвалжлагдаж байжээ.
А.СҮЛД