Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах тухай А/236 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөний хөрөнгөөс хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жагсаалтыг батлав.
Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөөс нийслэлийн 2015 оны төсвийн тодотголоор санхүүжилт нь хойшлогдсон 432 сая төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн тодотголд тусган батлуулахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгав.

