Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулна.
Тэгэхээр бид маргаашаас эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босож, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах болж байна.
Энэ чинь тэгээд цагийн зүүгээ хааш нь болгох юм бэ гэж эргэлзэж байгаа бол та энэ удаа цагаа нэг цагаар урагшлуулан 02.00 цагийг 03.00 цаг болгон өөрчлөх учиртай.
Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна.
Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.
Дашрамд дурдахад, Дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг бөгөөд Монгол Улс анх 1960 оноос "цаг урагшлуулах" зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн ч 2005 онд дахин хүчингүй болгосон аж. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2015 оноос дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийж эхэлсэн.
Ингэж цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэл алдагдахаас гадна улирлын чанартай өвчлөл ихэсдэг хэмээн мэргэжилтнүүд үздэг юм байна.