НҮБ-ын Хүүхдийн сан шинжээчид 87 орчим сая 0-7 насны хүүхэд бүхий л амьдралаа зэвсэгт мөргөлдөөн, дайн дажин дунд өнгөрүүлсэн нь тэдний оюуны хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Тэдгээр хүүхдүүд байлдааны ажиллагааны бүсэд амьдарч, алан хядах үйл ажиллагаа харж байгаатай холбоотой стрессийн үр дагаврыг судалсан байна.

"Долоо хүртэлх насны 86.7 сая хүүхэд амьдралынхаа бүх цаг мөчийг мөргөлдөөний бүсэд өнгөрүүлж байгаа сэтгэл санааны хямралд их өртөж, амьдралаа сөрөг стресстэй өнгөрүүлэхэд хүрч болзошгүй байна.Энэ байдал нь тархины мэдрэлийн эсүүд хоорондын харилцан холбоог тасалж, улмаар бүхий л амьдралынх нь туршид оюун санаа, нийгэм болон бие бялдрынх нь хөгжилд нөлөөлдөг" гэж ЮНИСЕФ-ийн ажилтнууд мэдэгджээ.

Мөргөлдөөний бүсүүдэд амьдарч буй хүүхдүүдэд тэдний оюуны хөгжилд нөлөөлөх нөхцөл бүрдүүлэх зорилгоор тоглоом, сургалтын материал бүхий яаралтай тусламжийн иж бүрдлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хуваарилан тарааж байгаа аж. Өнгөрсөн жил дэлхийн хэд хэдэн орны 800 мянга гаруй хүүхдэд ийм иж бүрдэл тараажээ.
